Monday, March 11, 2013


ЭЛДЭВ ҮЛГЭРИЙН ДАЛАЙ ХЭМЭЭГДЭХ СУДАР ОРШИВ
НАМО БУДДА ЯА
НАМО ДАРМА ЯА
НАМО САНГА ЯА
            Хотол чуулганд сайн буян сая живаа тоот лагшинтай
            Хязгаарлашгүй олон амьтны горилыг хангах зарлигтай
            Хоцроолгүй мэдэгдэхүүн бүгдийг болгоох таалалтай
            Хаан Шагжийн язгуур түүн дор мөргөм үү
ДАДЯТА УМ МҮНИ МҮНИ МАХА МҮНИ ЕЙ СУУХА
ТЭРГҮҮН БӨЛӨГ

ЭЛДЭВ ҮЛГЭРИЙГ ҮЗҮҮЛСЭН ХЭМЭЭХ НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс төгчсөн Бурхан[1]Магадагийн[2] улс дахь маш ялгуусан мандалд одож бүрүүн. Илт туулсан Бурханы хутгийг олоод үүр үл удан нэгэн цагт ийн хэмээн сэтгэрүүн: «Эдгээр нь хэмээвээс өнө буруу алжаас сэтгэлээр огоот түйдэж л үзүүлэн засхуйяа маш бэрхийн тулд хэзээд ертөнц дэхь улсад сууваас тус хүргэж үл болох ажгуу. Өдгөө нирваан[3] болсугай» хэмээн сэтгэв. Сац Эсэрүн[4] язгуурт тэнгэр нар Ялж төгс нөгчсөн Бурханы сэтгэсэн сэтгэлийг ухаж бүрүүн огторгуйгаас бууж ирээд Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэр оронд хүрч хөлд нь тэргүүнээрээ мөргөөд алгаа хамтатгаж:
“Номын хүрдийг орчуулан соёрх” хэмээн өчсөнд Ялж төгс нөгчсөн Бурхан ийн хэмээн зарлиг болов:
“Эсэрүн язгуурт тэнгэр нар аа! Эдгээр амьтан нь гэмт хирээр огоот түйдэж ертөнц дэхь жаргаланд тачаагаад билэг лүгээ төгөлдөр сэтгэл үгүйн тул хэдийгээр ертөнцөд сууваас тус хүрэхгүй болмуй за. Тиймийн тул өдгөө нирваан болвоос зохьюу хэмээн сэтгэмүй” хэмээсэнд төдий бас Эсэрүн язгуурт тэнгэр нар Бурханаа ийн хэмээн өчив:
“Ялж төгс нөгчсөн Бурхан аа! Номын далайг огоот дүүргэсэн, номын тугийг байгуулсныг үзүүлээд номхотгохуй цагт хүрэв. Өдгөө амьтнаас туйлж бултах нь маш олон бөгөөс Ялж төгс нөгчсөн Бурхан нирваан болохыг сэтгэх чинь юун? Маш мунхагаар түйдсэн эдгээр амьтанд ивээл итгэл болон суун соёрх!
Эрт тоо томшгүй галав[5] нөгчсөний урьд Ялж төгс нөгчсөн Бурхан чи бээр Замбутивд[6] Ганашинабали нэрт их хаан болон төрлөө. Тэр хаанд харъяат өчүүхэн хаад олон бөлгөө. Хатан ба хорин мянган тоот орд харш, арван мянган тоот их ноёд бөлгөө. Тэр хаан маш нигүүлсэгчийн тул хүмүүн тэргүүтэн олон иргэний эцэг эх мэт боллоо. Тэр цагт тэр хаан ийн хэмээн сэтгэв: «Би хамаг амьтны манлай эрхэн болоод энэ олон ард намайг бишрэн баясах тул би богдсын ном чандмань эрдэнэсээр энэ хамаг амьтанд тус хүргэсүгэй» хэмээн сэтгэж бүрүүн, ийн хэмээн зарлиг болруун:
“Хэн хүн богдсын номыг надад үзүүлвээс л түүнд ав аль хэрэглэх эд таваарыг өгсүгэй” хэмээн тунхаг тархаав. Тэр цагт Лиудуча хэмээн нэгэн бярман[7] багш орд харшийн хаалганд ирээд ийн хэмээн өгүүлрүүн:
“Богдсын номыг хэрэглэх бөгөөс надад буй” хэмээсэнд хаан түүнийг сонсоод сац гадна гарч угтан залаад тавцанд суулгав. Төдий хаан нөхөд сэлт мөргөөд алгаа хамтатгаж ийн хэмээрүүн:
“Ай их багш аа! Их мунхагаар түйдсэн маньд богдсын номын ялгалыг үзүүлэн соёрх” хэмээн дурдсанд Лиудуча бярман хаанд ийн хэмээн зарлиг болов:
“Ай их хаан аа! Миний мэдсэнэнэ номыг сурахуйяа бэрхийн тул сонсоод таалах бөгөөс өдийхнөөр үл болъюу” хэмээн өгүүлсэнд хаан:
“Ай багш ав аль хэрэглэх бөгөөс түүнийг зарлиг болтугай. Тэр бүгдийг багш чиний тааллаар өргөсүгэй” хэмээн өчсөнд тэр бярман багш хаанд ийн хэмээн зарлиг болруун:
“Ай их хаан. Номыг үнэнээр хэрэглэх бөгөөс биед чинь мянган гол хатгаж зул шатааж тахин чадваас номыг үзүүлсүгэй” хэмээн өгүүлсэнд төдий хаан үлэмж баясан бишрээд тэндээс нэгэн хүнийг зуун мянган дуун сонсохуй газарт[8] хүрэгч тийм нэгэн заанд унуулж Забутивийн хамаг улсандийн хэмээн тунхаг тархаав:
“Өдгөө долоо хоногт Ганашинабали хаан нь номын тулд биеэ нүхэлж гол хатгаж зул шатаан тахих буй” хэмээн өчүүхэн хаад ба хамаг хүнд тунхаг өгсөнд тэдгээр нь тэр тухагийг сонсоод гаслалцан зовж төдий хаан хаана бүхий тэр зүгт хүрээд хаанд мөргөж ийн хэмээн өчив:
“Ай их хаан! Энэ ертөнц дэхь бүхий л амьд амьтан чамд шүтсэн буюу. Адилтгаваас балай хүн нүдэт хүнд шүтсэн ба өчүүхэн нялх хөвгүүн эхэд шүтсэн адил буй атал хаан чи үгүй болвоос хойно хэнийг шүтэх . Хэрвээ биедээ мянган зул шатааваас лавтай аминаас ангижрах буй атал нэгэн бярманы тул ертөнц дэхь өдий чинээ амьтныг тэвчих чинь юун?” хэмээн өчсөн тэр цагт хатад ба их хөвгүүн тэргүүтэн таван зуун хөвгүүн ба мянган тоот ноён бүгд алгаа хамтатгаж залбиран өчвөөс хаан нь чин бат тангаргаас харилгүй ийн зарлиг болруун:
“Ай та нар надад саад үл хийтүгэй. Хэзээ Бурханы хутгийг олвоос би та нарыг сэжиггүй лавтай тонилгосугай” хэмээн зарлиг болсонд төдий олон хүн хааны чин батад ам авсныг мэдэж сэтгэлээр маш их зовон уйлаад хөсөр унав. Төдий хаан нь бярман багшид ийн хэмээн өчив:
“Ай багш! Өдгөө биед минь мянган зул шатаах цагт хүрэв. Биеийг минь нүхлэ! ” хэмээн өгүүлсэнд төдий тэр багш хааны биеийг нүхлэж мянган гол тосонд дүрэхийг олон нөхөд бүгдээр үзээд уул унасан мэт биеэ хөсөр дэлдэн унав. Төдий хаан бярман багшид ийн хэмээн өчрүүн:
“Ай багш! Нигүүлсэхүй сэтгэлээр урьд надад номыг үзүүлээд түүний хойно гол хатгаж зул шатаатугай. Хэрвээ урьд зул шатааваас үхээд номыг сонсож үл болмуу” хэмээн өчсөнд бярман багш энэ шүлгийг өгүүлэв:
     “Хамаг хураасан бүгд барагдъюу
     Өндөр болсон тэрбээр эцэт унаюу
Хурах буй л бөгөөс хагацах болъюу
Төрөх буй л бөгөөс үхэх болъюу” хэмээн өгүүлээд сац хаан маш баясан биширч гэмших сэтгэлгүй бөгөөтөл ийн хэмээн тангараглав:
“Миний ном эрсэн энэ нь Бурханы хутгийг олохын тулд буй за. Би хэзээ Бурханы хутгийг олвоос бэлгэ билгийн гэрлээр мунхагт автсан хамаг амьтныг маш гийгүүлэх болтугай” хэмээн тангарагласанд сац огторгуй газар маш дэнслэв. Ариун орон дахь тэнгэр нарын орд харш хүртэл дэнсэлсэнд тэнгэр нар огторгуйгаас бууж ирээд Бодьсадва[9] хааны тэр биеийг эвдэрснийг үзээд тэдгээр тэнгэр нар уйлаад нулимс нь хур мэт ороод тэнгэр нарын эдийн цэцгүүдээр хур оруулаад тахив. Тэр цагт тэнгэр нарын хаан Хурмаст[10] бээр хаан хаана бүхий тэнд ирээд элдэв үйлээр сайшаан магтаад ийн хэмээн өгүүлэв:
“Ай их хаан! Ийм маш их зовлонгоор маш зовсонд сэтгэлд чинь гэмшил буй буюу?” хэмээн асуусанд хаан зарлиг болруун:
“Гэмших сэтгэл надад үгүй” хэмээв. Хурмаст өгүүлрүүн:
“Их хаан аа! Энэ мэт бие чинь чичрээд амаргүй суун атал гэмших сэтгэл үгүй хэмээн өгүүлэх үүнийг хэн итгэмүй?” хэмээсэнд хаан өгүүлрүүн:
“Хэрвээ би тэргүүнээс эцэс хүртэл үнэн гэмших сэтгэлгүй бөгөөс бие дэхь энэ ярс эдгэж урьд ёсоор болтугай” хэмээн өгүүлвээс сац бие дэхь ярс нь эдгэж урьд бие мэт болов.
Тэр цаг тэр учир дахь тэр хаан нь хэмээвээс ай Бурхан чи бөлгөө. ”
“Бурхан аа! Чи эрт урьд амьтны тулд баршгүй зовлонгуудыг хатуужиж богдсын номыг эрсэн бөлгөө. Өдгөө хамаг амьтныг тэвчиж нирваан болсугай хэмээн сэтгэх чинь юун?
«Бас ч эрт нөгчсөн цагт Бурхан чи энэ Замбутивд Жилингарли нэрт их хаан болон төрлөө. Тэр хаанд харьяат олон өчүүхэн хаад бөлгөө. Найман түмэн дөрвөн мянган балгаст бөлгөө. Хатан хийгээд хорин мянган тоот орд харшит бөлгөө. Их хан хөвгүүн тэргүүтэн таван зуун хөвгүүнт бөлгөө. Арван мянган ноён бөлгөө. Тэр хаан нь нигүүлсэгч бүхийн тулд хамаг улс иргэнийг ганц хөвгүүн лүгээ адил сэтгэмүй. Тэр цагт тэр их хаан нь богдсын номыг бишрэн хүсэхийн тулд ийн хэмээн тунхаг тархаав:
“Хэн бээр надад богдсын номыг үзүүлэн соёрхвоос түүнд ав аль эд таваарыг тааллын ёсоор өгсүгэй” хэмээн тунхаг өгсөн төдий Лиудча нэрт нэгэн бярман багш орд харшийн хаалганд ирээд ийн хэмээн өгүүлэв:
“Хэн бээр надаас богдсын ном сонсохыг таалах бөгөөс богдсын номыг үзүүлсүгэй” хэмээн өгүүлсэнд хаан түүнийг сонсоод сац маш баясан бишрээд гадна гарч угтаад хөлд нь мөргөөд сайн үгээр магтан орд харшдаа залж бэлдсэн тавцанд суулган алгаа хамтатгаж ийн хэмээн өчив:
“Ай их багш. Надад богдсын номыг үзүүлэн соёрх” хэмээн өчсөнд бярман багш өгүүлрүүн
“Би өнөд хотол элдэв зовлонг хатуужиж сурсан бөлгөө. Хаан чи сонсохыг дуршаах бөгөөс өдийхнөөр болох бус! ” хэмээн өгүүлэсэнд хаан алгаа хамтатгаж:
“Ай их багш! Чи ямар ямрыг хэрэглэх бөгөөс зарлиг болтугай. Хайрлалгүй хамгаа багш чамд өргөсүгэй” хэмээв. Бярман багш өгүүлрүүн:
“Тийм бөгөөс хаан чиний биед мянган төмөр хадаас шаагаад түүний хойно номлосугай” хэмээн өгүүлсэнд хаан нь:
“Долоон хоногт зарлигаар бүтээсүгэй” хэмээн өчөөд төдий тэр хаан нь нэгэн хүнийг найман түмэн дуу сонсдохуй газарт явагч тийм нэгэн заанд унуулж хотол Замбутивд ийн хэмээн тунхаг тархаав:
“Өдгөө долоон хоногт Жилингарли хаан биедээ мянган төмөр хадаас шаах буюу” хэмээн өгүүлсэнд төдий хамаг ноён ба олон иргэн сонсоод хамаг бүгдээр хааны дэргэд ирээд ийн хэмээн өчив:
“Ай хаан эзэн минь! Дөрвөн зүгт агсан бид бүгдээр чиний эрдэм хийгээд зарлигийн ачаар өөр өөрийн оронд жаргалангаар ихэд жаргаж суух бөлгөө. Ай их хаан! Их нигүүлсэж биедээ мянган хадаас шаах тийм муу үйлийг тэвчин соёрх! ” хэмээн өчсөнд тэр цагт хатад ба их хөвгүүн тэргүүтэн хамаг хан хөвгүүд ба хамаг түшмэд ийн хэмээн өчив:
“Ай их хаан! Манийг үл нийгүүлсэх чинь юун буй? Нэгэн хүний тулд биеэ эвдээд хамаг улс иргэнээ яахин тэвчмүй чи” хэмээн өчсөнд хаан зарлиг болруун:
“Би урьд орчлонд биеэ тоо томшгүй гавьяа тусгүй болгосон буюу за. Заримд нь тачаангуй, уур мунхагийн эрхээр үхсэн цагаан ясыг минь овоолвоос Сүмбэр[11] уулаас өндөр болой. Тэргүүн огтолсноос цуварсан цус нь таван их мөрнөөс их буюу. Уйлсан нулимс минь дөрвөн их далайгаас их буюу. Тэр мэтэлдэв зүйлийн үүднээс биеэ гавьяа тусгүй болговоос заримдаа ч номын тулд буюу. Заримдаа номын тулд бус буюу за. Өдгөө биедээ хадаас шаагаад Бурханы хутгийг бүтээсүгэй. Хэзээ илт туулж Бурханы хутгийг олвоос билгийн илдээр таны хамаг нисваанисын[12] өвчнийг огтлох бөгөөтөл миний тийм сайн үйлд саад зэтгэр хийх чинь юун?” хэмээн өгүүлсэнд төдий хамаг бүгдээр юу ч өгүүлэлгүй суув. Төдий хаан нь бярман багшид өчрүүн:
“Ай их багш! Их нигүүлсэхүй сэтгэлээр урьд надад номыг үзүүлж түүний хойно хадаас шаатугай. Эс тэгвэл ном сонсохгүй үхэх болмуй” хэмээн өчсөнд бярман багш энэ шүлгийг номлов:
     “Хамаг үүдсэн нь мөнх бус буюу
     Хамаг төрөл нь зовлонт буюу
     Хамаг ном нь хоосон бөгөөд
     Минийх үгүй буюу
     Минийх хэмээх ч буй бус” хэмээн энэ шүлгийг өгүүлээдбиед нь мянган төмөр хадаас шаав. Тэр цагт өчүүхэн хаад ноёд ба олон нөхөд түүнийг үзээд их уул унасан мэт биеэ хөсөр дэлдэн уйлаад санаа алдсан тэр цагт огторгуй газар зургаан зүйлээр дэнсэлсэнд Амармагийн[13] ертөнц дэхь тэнгэр нар ба өнгөт ертөнц дэхь тэнгэр нар их гайхамшигт болоод төдий тэдгээр хамаг тэнгэр нар огторгуйгаар бодьсадва хаан хаана буй тэнд хүрч ирээд номын тулд хааны биеийг ихэд зовохыг үзэж хамаг тэнгэр нарын уйлсан нулимс нь хур мэт орж бүрүүн, тэнгэр нарын эдийн цэцгүүдээр тахив. Тэр цагт тэнгэрсийн хаан Хурмаст нь тэр хааны хаана бүхий тэр оронд хүрч ирээд ийн хэмээн өгүүлэв:
“Ай их хаан! Ийм их зовлонг хатуужих чинь юун сэтгэх буй? Номын тул буюу. Эс бөгөөс Хурмастын төрийг хүсэх буюу. Чакравардын[14] хааны төрийг хүсэх буюу. Түүнчлэн Шулмын[15] хаан ба Эсэрүн хаан Махешварын[16] төрийг хүсэх буюу?” хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүн:
“Миний энэ үйл нь гурван ертөнц дэхь жаргалыг хүссэн бус буюу. Энэ үйл инь Бурханы хутгийг олохын тулд болой” хэмээн өгүүлэсэнд Хурмаст өгүүлрүүн:
“Хаан аа! Биеэ ийн зовохуйд сэтгэлд чинь гэмшиглэн буй буюу?” хэмээн асууваас хаан өгүүлрүүн:
“Надад гэмших сэтгэл үгүй буюу” гэмээвээс Хурмаст өгүүлрүүн:
“Бие чинь чичрээд үл тэсэх бөгөөтөл гэмших сэтгэл үгүй хэмээснийг хэн итгэмүй?” хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүн:
“Хэрвээ өгүүлсэн минь үнэн болоод надад гэмших сэтгэл үгүй бөгөөс бие минь урьд ёсоор эдгэх болтугай! ” хэмээн өгүүлээд сац биень урьд ёсоор болсонд тэнгрэ хүн бүгд баясалцан бишрэв». Басхүү өчрүүн:
“Ялж төгс нөгчсөн Бурхан чи номын далайг огоот төгсгөөд цаглашгүй эрдэмт буй атал юуны тулд хамаг амьтныг огоот тэвчиж, номыг номлохгүй нирваан болохыг сэтгэх чинь юун ажгуу?”
«Бас ч эрт нөгчсөн цаг дахь цаглашгүй тоо томшгүй галвуудын урьд Бурхан чи энэ Замбутивд Эсэрүн тэнгэр нэрт их хааны Богд нэрт хан хөвгүүн болон төрлөө. Тэр хан хөвгүүн нь богдсын номыг эрвээс эс олоод сэтгэл нь гутаж маш зовон суун бүхийд тэнгэрсийн хаан Хурмаст нь тэр хан хөвгүүний сэтгэлийг ухаж төдий нэгэн бярман болон хувилаад хааны орд харшийн хаалганд ирж ийн өгүүлрүүн:
“Надад богдсын ном буй. Хэрэглэх бөгөөс үзүүлсүгэй! ” хэмээн өгүүлсэнд хан хөвгүүн тэр үгийг сонсоод сац угтаж хөлд нь мөргөөд орд харшдаа залраад тавцанд суулгаж алгаа хамтатган ийн өчрүүн:
“Ай их багш! Их нигүүлсэхүй сэтгэлээр надад богдсын номыг үзүүлэн соёрх! ” хэмээн өчсөнд бярман багш зарлиг болруун:
“Сургаваас ч сурхуйяа маш бэрх болоод багшийг эрээд хичээвээс ч хялбар сурах бусын тул өдийхнөөр болох бус буй за. Үнэн номыг сонсохыг хүсэх бөгөөс ихэд хатуужиж сурах бөлгөө” гэсэнд Хан хөвгүүн өчрүүн:
“Ай их багш! Аливаа хэрэглэх эд таваарыг тааллаар зарлиг болтугай. Миний бие ба гэргий, хөвгүүн, охин тэргүүтнийг таалах бөгөөс түүнийг ч зарлиг болон соёрх. Зарлигаар өргөсүгэй! ” хэмээн өчив. Бярман багш зарлиг болруун:
“Тийн бөгөөс арван тохой төдий гүн гууг галын цогцсоор дүүргээд түүний дотор биеэ түлж тахин чадваас богдсын номыг үзүүлсүгэй” хэмээн зарлиг болсонд төдий хан хөвгүүн нь багшийн зарлигаар их галын гуу ухсанд их хаан ба хатан, ноёд түшмэд бүгдээр түүнийг сонсоод бие сэтгэл нь амаргүй болж хамаг бүгд хан хөвгүүний орд харшид зорчиж хан хөвгүүнд өчин залбираад тэр бярманыг хүрээлж ийн өчрүүн:
“Ай хутагт багш! Бид бүгдийг ихэд нигүүлсэж энэ хан хөвгүүнийг үл түлүүлэн соёрх! Улс ба эмс, хөвгүүн бидний биеийг таалах бөгөөс тэд бүгдийг хайрлалгүй өргөсүгэй бид” хэмээн өчсөнд бярман багш зарлиг болруун:
“Тийм юм надад хэрэггүй буй за. Хан хөвгүүн нь тиймийг үйлдэн чадах бөгөөс номыг үзүүлсүгэй. Үл чадах бөгөөс номыг үзүүлэх бус” хэмээн зарлиг болсонд тэнд чуулсан бүгдээр «Тэр багшийн зарлигаас урвахгүй» хэмээн тангарагласныг ухаж бүрүүн юун ч үл өгүүлэн суув. Төдий их хаан нь нэгэн хүний найман түмэн дуун сонсдохуй газар хүрэгч тийм нэгэн заанд унуулж хотол Замбутивд тунхаг тархаахаар илгээв. Төдийг тэр хүн одоод ийн хэмээн тунхаг тархаав:
“Өдгөө долоон хоногт хан хөвгүүн нь номыг хүсэхийн тул галт гууд биеэ түлэн тахих буй. Та бүгд золгохоор ирэх бөгөөс үтэр ир” хэмээсэнд төдий өчүүхэн хаад, их улс ба өтөлсөн доройтсон шантрагсаднэгэн нэгнээ хөтлөж хан хөвгүүний дэргэд ирээд өвдгөө хөтөр сөгдөөд алгаа хамтатгаж хамаг бүгд нэгэн үгээр ийн хэмээн өчив:
“Аяа бид бүгд хан хөвгүүн чамд дулдуйдсан бөлгөө. Чи манай эцэг эх лүгээ адил бөгөөтөл галт гууд түлэгдвээс энэ хамаг улсыг аврагч итгэл хэн болмуй? Нэжгээд хүний тул өдий чинээ хамаг улсыг өдий чинээ хамаг улсыг яахин тэвчих буй?” хэмээв. Төдий хан хөвгүүн тэдгээр иргэнд ийн хэмээн зарлиг болов:
“Та бүгд сонс! Би урьд олон төрөлд орчлонд орчиж тоо томшгүй төрөл авсан буюу за. Хүн болж төрөөд нэгэн нэгнээ урин[17] хилэнгээр хөнөөж алалцсан нүгэлт үйл олон бөлгөө. Сайн төрөлт тэнгэр нарт төрж тэнгэрийн насыг барж хүсэлт жаргалангаас хагацах зовлонгуудыг үзэв. Амьтны тамд төрж галд түлэгдээд тогоонд чанагдсан ба илд мэсээр цавчуулж хэрчүүлсэн, хорт мөрөнд урссан хийгээд илдсийн ууланд[18] давах тэргүүтэн тоо томшгүй зовлон үзэв. Ясанд тултал өвдөхүй өвчин зовлонг ч үзэв. Бирдэд[19] төрж тэсэшгүй элдэв зүйл зовлонг үзэв. Адгуусанд төрж дааж ядтал ачаа ачаад нэгэн үмх өвсийг идэх эрхгүй болоод алагдах тэргүүтэн тоо томшгүй зовлон үзэв. Тэр мэт биеэ олонтоо хор хомс болговоос ч богдсын номын тулд буянт сэтгэл өчүүхнийг ч үүсгэсэнгүй бөлгөө. Өдгөө муу үнэрт энэ буртаг биеийг минь номын тулд тахих буй за. Би дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгэхэд та саад зэтгэрийг үл хийтүгэй! Бурхан бүтээхэд минь энэ биеэр огоот тахил тахах буй за. Би хэзээд илт Бурханы хутгийг олвоос та нарт номын биеэр өглөг өгсүгэй” хэмээн өгүүлсэнд тэр олон нөхөд юун бээр үл өгүүлэн суув. Төдий хан хөвгүүн галт гууны амсарт босож байгаад бярман багшид ийн хэмээн өчив:
“Ай их багш! Урьд надад богдсын номыг үзүүлэн соёрх! Хэрвээ галд түлэгдэж үхвээс номыг сонсон үл чадмуу! ” хэмээн өчсөнд тэр бярман багш энэ хоёр шүлгийг өгүүлэв:
“Ай асрах сэтгэлийг бясалгатугай
Урин хилэнт сэтгэлийг тэвчтүгэй
Их нигүүлсэхүйгээр амьтныг ивээтүгэй
Хотол хамгийг нигүүлсэхгүйгээр өршөөтүгэй
Их баясгаланг бясалгатугай
Бусдад ч өөр лүгээ зохилдох
Ном бодичид[20] сэтгэлээр үзүүлвээс
Бодисун нарыг явдал буюу.
Эдгээр шүлгүүдийг өгүүлвээсханхүү сац харайсанд Хурмаст ба Эсэрүн хаан хоёр нэжгээд гараас нь бариад ийн хэмээн өгүүлэв:
“Замбутивийн хамаг амьтан нь хаан чиний ачаар жаргасан бөлгөө. Өдгөө хаан чи галд түлэгдвээс хамаг харцас, улс иргэн, эцэг эхээс хагацсан лугаа адилын тул энэ хамаг амьтныгогоот тэвчиж галд унах чинь юун буй?” хэмээн өгүүлсэнд төдий хан хөвгүүн нь тэнгэрсийн хаан ба олон нөхдийг үзээд ийн хэмээн өгүүлэв:
“Би дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгэхэд та бүгд саад зэтгэрийг үл үйлдтүгэй! ” хэмээн өгүүлсэнд тэд бүгд юун бээр үл өгүүлэн суув. Төдий хан хөвгүүн галт гуунд унасанд огторгуй газар сайтар дэнсэлсэнд огторгуй дахь тэнгэр нарын уйлсан нулимс нь хур мэт оров. Тэр галт гуу нь цэцэрлэгт харш болов. Тэр хан хөвгүүн нь лянхуан дээр суун ажгуу. Тэнгэр нар цэцгийн хурыг өвдөг далдартал оруулав».
“Тэр учир тэр цаг дахь Эсэрүн тэнгэр нэрт хаан нь Судадана[21] хаан бөлгөө. Түүний хатан нь Махамай[22] хатан буюу. Тэр цаг тэр учир дахь хан хөвгүүн нь Ялж төгс нөгчсөн Бурхан чи бөлгөө. Ай Бурхан багш тэр цаг тэр учирт олон амьтныг ивээхийн тулд ном эрж өдгөө огоот тонилж Бурханы хутгийг олсон бөгөөтөл юуны тулд мунхагт маш бүрхэгдэн хамаг амьтныг номоор гийгүүлэхгүй нирваан болсугай хэмээн сэтгэх чинь юун буй?”
“Бурхан аа! Бас ч тоо томшгүй галав өнгөрсний урьд энэ Варанаси[23] оронд таван зуун арш нар суун бөлгөө. Тэдгээр аршийн багш нь Удвал нэрт багш бөлгөө. Тэр нь богдсын номыг сураад бясалгатугай хэмээн хүсэж бэдэн яваад
“Хэн хүн надад богдсын номыг үзүүлвээс л ямар зүйл таалах бөгөөс тэрхүү ёсоор өргөөд зарц болсугай” хэмээн тунхаг тархаасанд нэгэн бярман багш түүнийг сонсоод ирж тэр аршид ийн хэмээн өгүүлэв:
“Богдсын ном надад буй. Хэрэглэх бөгөөс үзүүлсүгэй! ” хэмээн өгүүлсэнд төдий тэр арш нь бярман багшид мөргөөд алгаа хамтатгаж ийн хэмээн өчив:
“Ай их багш! Нийгүүлсэхүй сэтгэлээр богдсын номыг надад үзүүлэн соёрх! ” хэмээн өчсөнд бярман багш өгүүлрүүн:
“Номыг сурах бөгөөс маш их бэрх буй за. Их зовлонгоор хатуужиж номыг сурах бөлгөө. Төдийхнөөр номыг суран яахан чадмуй. Үнэн номыг сонсохыг хүсэх бөгөөс миний үгсээр үйлдэгтүн чи! ” хэмээн өгүүлсэнд тэр арш өчрүүн:
“Ай их багш! Чиний зарлиг ямар бөгөөс түүгээр бүтээсүгэй” хэмээн өчив. Төдий бярман багш нь:
“Тийн бөгөөс чиний арьсыг өвчөөд цаас хийж, ясаар чинь үзэг хийгээд цусыг чинь бэх болгон номыг бичээд чамд үзүүлсүгэй” хэмээн өгүүлсэнд төдий тэр арш тэр зарлигийг сонсоод даруй маш баясан биширч бүрүүн. Бурханы шашныг хүндлэхийн тулд биеийн арьсыг өвчөөд ясаар үзэг хийж, цусаар бэх зуурч:
“Ай их багш! Цагт хүрэв. Үтэр номлон соёрх! Зарлийгийг чинь бичсүгэй” хэмээн өчсөнд тэр бярман багш энэ хоёр шүлгийг өгүүлэв:
“Биеийн явдыг маш арвилан бэхлээд
Амь нядлахуй, хулгай хийгээд үл хурьцтугай
Хуурмаг худал үгс хийгээд ширүүн үгс үл өгүүлтүгэй
Хүсэхүй жаргаланд үл тачаагаад
Урин сэтгэлийг тэвчтүгэй
Хамаг муу үзлийг тэвчвээс л Бодьсатваа нарын дээд явдал буюу” хэмээн эдгээр шүлгийг төдий бичээд хотол Замбутивд дуурсгасанд үзүүлсэн ёсоор хамаг хүн хичээж түүнийг сураад нүгэлт үйлсийг тэвчлээ»
“Бурхан аа! Тэр цаг тэр учирт ч олон амьтны тулд хатуужих явдлаар ном эрэхэд гэмшихүй сэтгэлгүй бөгөөтөл өдгөө номыг үзүүлэхгүй хамаг амьтныг огоот тэвчээд нирваан болсугай хэмээн сэтгэх чинь юун ажгуу?”
«Бас эрт нөгчсөн, цаггүй тоо томшгүй галвуудын урьд нь Бурхан чи бээр энэ Замбутивд Шивсэ нэрт хаан болон төрсөн бөлгөө. Тэр хаан Дэваварда нэрт орд харштай бөгөөд цаглашгүй эд агуурст бөлгөө. Тэр хаан нь Замбутив бүгдээрийг эзэлсэн буюу. Тэр хаанд нь харъяат найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаад бөлгөө. Ерэн мянган тоот орд харш бөлгөө. Найман түмэн тоот балгас ба хатад хийгээд хорин мянган тоот орд харш бөлгөө. Таван зуун хан хөвгүүн ба түмэн тоот их ноёд буюу. Тэр хаан нь хамаг бүгдийг асран нигүүлсэж суун бүхий цагт тэнгэрсийн хаан Хурмаст нь бие дэхь таван эрдмээс хагацаж үхэхэд ойртсонд маш зовон гаслаж суун бүхийд Вишвагарма үзээд Хурмастад:
“Маш зовон гаслах учир юун буй?” хэмээн өчсөнд Хурмаст өгүүлрүүн:
“Би үхэхэд ойртоод үхэх бэлгэ илт болсонд энэ ертөнцөд Бурханы ном нь устаж Бодьсатва нар ч ертөнцөд суусангүй бөгөөтөл өдгөө хэнийг бээр шүтэж итгэл явуулах хүнгүй тул зовон гасласан нь тэр бөлгөө” хэмээн өгүүлвээс Вишвагарма өгүүлрүүн:
“Ай Хурмаст аа! Өдгөө Замбутивд Бодьсатва нарын явдлаар явагч Шивсэ нэрт хаан суун амуй. Тэр хаан нь маш чин бат болоод их хичээнгүйн тул магад лавтай Бурханы хутгийг олмуй за. Түүнд итгэл явуулбаас үхлээс маш тонилоод амарлиюү” хэмээн өгүүлсэнд Хурмаст өгүүлрүүн:
“Тийн бөгөөс тэр хаан Бодьсатва мөн бусыг болгоох хэрэгтэй буй за. Өдгөө болгоохоор одсугай. Вишвагарма чи хүүрзгэнэ шувуу болон хувилтугай. Би нэгэн харцага болон хувилаад чиний хойноос хөөсөөр одсугай. Чи тэр хаан хаана бүхий тэр орд харшид орвоос л тэр хааны ёсыг үнэнээр ухаж мэдэх буюу” хэмээн өгүүлсэнд Вишвагарма өгүүлрүүн:
“Ай Хурмаст аа! Бодьсадва хаан нь маш бэрх үйлээр аргадваас үл болмуй” хэмээн өгүүлсэнд тэнгэрсийн хаан Хурмаст энэ шүлгийг өгүүлрүүн:
“Түүнийг хорт сэтгэлээр аргадах бус буй за би
Алт мэт шарваас илт болъюу
Үнэнийг ухсугай хэмээн хүсэж
Бодьсатвааг сорьсугай би” хэмээн өгүүлээд сац Вишвагарма хүүрзгэнэ болон хувилаад Хурмаст нэгэн харцага болон хувилж хүүрзгэнийг гүйцэн ядаж хөөсөөр одсонд хүүрзгэнэ нь маш айн эмээгээд хааны суганд ороод:
“Ай их хаан! Амийг минь авар! ” хэмээн өчин атал даруй дээр харцага хүрч ирээд хаанд ийн хэмээн өчив:
“Ай их хаан! Энэ хүүзгэнэ миний идэш бөлгөө. Хаан чамд хоргодсон ажгуу. Үтэр надад өгөн соёрх! Би өлссөн тул зовмуй” хэмээн өчсөнд хаан зарлиг болруун:
“Хэн надад хоргодвоос «Аварсугай» хэмээн ам авсан бөлгөө. Энэ хүүрзгэнийг чамд үл өгмүү” хэмээсэнд харцага бас өчрүүн:
“Ай хаан! Чи хамгийг аврах бөгөөс миний хоолыг таслаж амийг минь таславаас хамгийн дотор харьяагүй буюу би?” хэмээн өчсөнд хаан зарлиг болруун:
“Чамд өөр бус мах өгвөөс идмүү чи?” хэмээн зарлиг болсонд харцага өгүүлрүүн:
“Шинэхэн нядласан нойтон махыг хэрэглэмүү би” хэмээн өчсөнд хаан ийн хэмээн сэтгэрүүн «Шинэхэн амттай нойтон махаар үүнийг тэжээвээс л нэгий нь алаад нэгий нь тэжээвээс гавьяа тусгүй болмой. Бүх амьтан өөр өөрийн амиа хайрламуй за. Гагцхүү миний биеийн махаар тэжээсүгэй» хэмээн сэтгэж хурц хутгаар гуяны махаа огтлож харцгад өгөөд хүүрзгэний амийг аварсанд харцага өгүүлрүүн:
“Ай хаан чи өглөгийн эзэн минь болов. Хамаг бүгдийг тэгш сэтгэх бөгөөтөл өчүүхэн шувуу намайг ч тэгш сэтгэх л бөгөөс хүүрзгэний бие ба хааны биеийн мах хоёрыг тэнгийн модонд[24] цэнлэж тэнцүү болгон надад өгөн соёрх! ” хэмээн өчсөнд хаан:
“Тэнгийн мод авч ир! ” хэмээн зарлиг болсонд төдий тэнгийн мод авчраад цөм огтлож тэнлэвээс бээр хүүзгэнийг тавиад нэгэн нэгэн үзүүр хааны гуяны махыг цөм огтлож тэнлэвээс бээр хүүрзгэнэ лүгээ эс тэнцэв. Хоёр мөрний мах ба хоёр этгээдийн хавирганы мах ба бүх бие дэхь махыг бартал огтлож тэнлэвээс хүүрзгэнэ лүгээ эс тэнцсэнд хаан:
“Өөрийн бүх биеэ тэнгийн модонд тэнлэсүгэй! ” хэмээн сэтгээд босвоос муужирч үхэтхийн унав. Төдий хоромхон атал санаа орж бүрүүн. Өөрийн сэтгэлээ ийн хэмээн муушаав. «Ай сэтгэл чи! Тэргүүлэшгүй цагаас өдгөө болтол эс чадсаны тул би гурван ертөнцөд очиж элдэв зовлонг үзвээс ч гавьяа тус болсонгүй буй за. Өдгөө сэтгэл чи хичээнгүй цаг чинь хүрэв. Залхуурах цаг энэ бус болой» хэмээн элдэв зүйлээр сэтгэлээ муушаагаад шамдан хичээж босоод тэнгийн модонд тэнлээд:
“Өдгөө сэтгэл минь амрав” хэмээн баясав.
Тэр цагт огторгуй газар зургаан зүйлээр дэнсэлсэнд тэнгэр нарын орд хаш бээр дэнслэн хөдөлсөнд өнгөт ертөнц дэхь тэнгэр нар тэргүүлэн хамаг тэнгэр нар ирээд дээр огторгуйд суугаад Бодьсатва хаан нь номын тулд бие амиа хайрлалгүй маш хатуужих явдлыг үзээд уйлсан нулимс нь хур мэт ороход тэнгэр нарын эдийн цэцгүүдээр хур оруулж тахив. Төдий тэнгэрсийн хаан Хурмаст нь харцага шувууны биеийг гээж өөрийн биед хувилаад хаанд ийн хэмээн өгүүлэв:
“Хаан аа! Энэ мэт маш бэрх явдлаар юу хүсмүй чи? Чакравардын хааны төрийг хүсэх буюу? Хурмастын төрийг хүсэх буюу? Шулмын хааны төрийг хүсэх буюу? Гурван ертөнцийн эрхтийг хүсэх буюу? Юуг хүсэх буюу?” хэмээн өгүүлсэнд Бодьсатва хаан:
“Би гурван ертөнцийн жаргаланг хүссэн бус буй за. Дээр үгүй үнэн төгс туулсан Бурханы хутгийг хүсмүү би” хэмээн өгүүлсэнд Хурмаст өгүүлрүүн:
“Энэ мэт бие чинь чичрээд ясанд хүртэл тэсэшгүй зовсонд гэмших сэтгэл чамд төрж байна уу?” хэмээн өгүүлсэнд хаан нь:
“Надад гэмших сэтгэл үгүй буюу” хэмээв. Хурмаст өгүүлрүүн:
“Өдгөө бие чинь чичрээд аминд хүрч өгүүлэн үл чадах бөгөөтөл гэмшилгүй хэмээх тэр үгэнд чинь хэн итгэмүй?” хэмээвээс хаан өгүүлрүүн:
“Би эхнээсээ эцсээ хүртэл нэгэн хялгасны төдий ч гэмших сэтгэл надад үгүй буй за. Ав аль аливаа хүссэн хүсэл минь магад бүтмүй за. Өгүүлсэн эдгээр үг минь үнэн бөгөөс бие дэхь эдгээр шарх аниж бие минь урьд ёсоор болтугай! ” хэмээн өгүүлмэгц тэр даруй хааны бие нь урьдахаас үлэмж сайн болсонд тэнгэр хүний ертөнц дэхь бүгд маш баясалцан бишрээд гайхамшигт болов» Тэр цаг тэр учир дахь Шивсэ нэрт хаан нь өдгөө Бурхан чи бөлгөө. Бурхан чи эрт нөгчсөн цагт биеэ хайрлалгүй хамаг амьтанд тусласан буй атал өдгөө Ялж төгс нөгчсөн Бурхан чи номын далайг огоот төгсгөөд номын тугийг байгуулж, номыг хэнгэргээр сайтар дэлдээд, номын зулыг ч шатааж, туслахуй цагт хүрсэн бөгөөтөл юуны тулд номуудыг үзүүлэхгүй хамаг амьтныг огоот тэвчиж нирваан болсугай хэмээн сэтгэх чинь юун ажгуу?” Тэр цагт Эсэрүн хаан нь Бурханы өмнө алгаа хамтатгаж:
“Бурхан аа! Эрт цагт номыг эрж амьтны тул тэргүүнээ мянгантаа өгсөн бөлгөө” хэмээн сайшаан магтаад басхүү ийн хэмээн өчрүүн:
“Ялж төгс нөгчсөн Бурхан аа! Өдгөө хамаг амьтны тул номыг хүрдийг орчуулан соёрх! ” хэмээн өчин залбирсанд төдий Ялж төгс нөгчсөн Бурхан нь Эсэрүн хааны өчсөн ёсоор Варанаси нэр улс дахь гөрөөс айх аюулгүй орших[25] хэмээх оронд одоод номыг хүрдийг орчууллаа. Тэр мэт номын хүрдийг орчуулснаар гурван эрдэнэ[26] ч ертөнцөд илт боллоо. Тэр цагт тийн хэмээн зарлиг болсонд тэнгэр хүн ба лус[27], ягшас[28] ба асури[29] нар ба найман аймаг[30] тэргүүтэн хамаг бүгдээр баясан бишрээд сайшаан магтав.



[1]Ялж төгс нөгчсөн(Са: Бхагавана)
Шигэмүни Бурханы илт өгүүлэх нэр бөгөөд зургаан эрдэм төгсөж, хоёр хязгаараас хагацан, дөрвөн шулмыг дарсан учир тийнхүү нэрийдсэн ажээ. Дөрвөн шулам нь:
-Хүсэл тачаал, уур хилэнгийн эрхээр буянд барцад үйлдэх нисваанисын шулам
-Өвдөх, өтлөх, доройтохын эрхээр буянд барцад хийх цогцсын шулам
-Амь насыг егүүтгэж, буяны үйлийг таслах үйлийн шулам
-Атаа хорсолын эрхээр буян барцад үйлдэх тэнгэрийн хөвгүүний шулам
Төгс хэмээн нэрийдсэн учир нь зургаан эрдэм төгссөний учир буюу. Зургаан эрдэм нь:
Эрх баялаг төгс, дүрс төгс, цог төгөлдөр, алдар төгөлдөр, бэлгэ билэг төгс, хичээнгүй төгс.
Нөгчсөн хэмээсэн нь сансар хорвоогоос ангижирч, нирваан дүрийг үзүүлж амирлисан хэмээсэн утгатай.
[2]Магада- (Са:Магадха) Орчин цагийн Энэтхэг улсын Бенарес, Бихар, Аллабад зэрэг нутаг орныг хамарсан, Бурхан Годамын амьдралтай холбоотой эртний газрын нэр.
[3]Нирваан- Гаслангаас нөгчих буюу орчлонгийн хүлээснээс ангижрах хэмээсэн утгатай санскрит үг.
[4]Эсэрүн язгуурт тэнгэр- (Төвд, Санскрит: брахма Мон:Ариун) тэнгэрийн орны эзэн Эсэрүн тэргүүтэй тэнгэр нар.
[5]Галав- Нэн урт хугацааг үлэх хэмжээний нэр. Буддагын номд зургаан зүйл галав байна гэж үзнэ. Галав тогтох, орших, завсрын галав ба их галав, эвдрэх, хоосрох галав эдгээр болно. Анхдугаар галавт сав шимийн ертөнц үүсэж тогтсон гэж үзнэ.
[6]Замбутив- Буддагын шашны номд гарах дөрвөн тивийн нэг бөгөөд Сүмбэр уулын өмнө зүгт оршино.
[7]Бярман-(Са: Брахмана) Эртний энэтхэгт ноёрхож байсан нийгмийн дөрвөн зүйл давхаргын нэг.
[8]Дуун сонсдохуй газар- (Са: Кроша) Таван зуун нум буюу нэг км орчим уртын хэмжээний санскрит нэр.
[9]Бодьсадва-(Са: Бодхисатва. Мо: Бодь сэтгэлт баатар) Их хөлгөний мөрт суралцах бодьгалийг хэлнэ. Их бодийг олохын тулд галавын өнө хугацааг үл ажран хамаг амьтны тул тэргүүн хийгээд үе гишүүнээ өглөгт өгөхөд сэтгэл үл мятрах учир тийнхүү нэрийджээ.
[10]Хурмаст-(Са:Индра. Мо:Зуун өглөгт) Тэнгэрийн эрхэтийн илт өгүүлэх нэр.
[11]Сүмбэр уул-(Са: Сүмерү, Мо: Их уул) Зүүн талдаа мөнгө, өмнөдөө биндэрьяа, баруундаа улаан болор, хойт талдаа алт зэрэг эрднэсийн дөрвөн өнгөөр гийгүүлдэг. Далайн усанд найман түмэн бээр гүн оршиж, усны төвшнөөс дээш найман түмэн бээр илүү гарсан хэмжээтэй их уул.
[12]Нисваанис-Зовлонгийн уг шалтгаан, орчлонгийн үйлийн үрийн хүлээс хэмээх утгатай Санскрит үг.
[13]Амармаг-(Мо: Хүсэлт орон) Буддагын номд гарах гурван зүйл тэнгэрийн орны нэг. Хүсэлт орны идэх ба хурьцахад тачааж таван хүслийн эрдмийг эдлэдэг. Хүсэл төгөлдөр амьтан орших тул тийнхүү нэрийджээ.
[14]Чакравард-(Са:Чакравартинража, Мо:Хүрдэн орчуулагч буюу эргүүлэгч хаан) Хүн төрөлхтөн найман түм наслах үед оршиж байсан хийгээд алт мөнгө зэс төмөр зэрэг хүрдийг эргүүлэн дөрвөн тивийн амьтныг эрхшээсэн домогтой.
[15]Шулам-(Са: Мара) Амьтанд хор хөнөөл учруулан буян заяанд саад тотгор хийгч хүсэлт тэнгэрийн орны нэг зүйл амьтан.
[16]Махешвара-(Мо:Их эрх баялаг) Буддагын домогт өгүүлсэнээр Махешвара төвдийн Кайлас оронд орших ажээ.
[17]Урин- Уур.
[18]Илдсийн уул- Ойр орчимын Тамд байх ба бүхий л газар, мод өвс нь илд байх тул нүгэл хийсэн хүмүүс нь тэр илдэнд цавчигдаж зүсэгдэж үхээд дахин амилж нүгэлээ бартал зовдог байна. Бич
[19]Бирд-(Са: Прета) Ямагт өлсөн цангах зовлон эдлэгч гурван муу заяат амьтны нэг.
[20]Бодичид- Бодь
[21]Судадана-(Са: Шудхадана, Мо: Ариун идээт) Шигэмуни Бурханы эцгийн алдар.
[22]Махамай-(Мо: Үзэсгэлэнт тэнгэр) Шигэмуни Бурханы эхийн алдар.
[23]Варанаси-(Са: Варанаси) Эртний Энэтхэгийн хотын нэр. Орчин цагийн Бенарес хот.
[24]Тэнгийн мод- Жинлүүр, цэнлүүр, жин, дэнс зэргийн нуруу мод. Годил ч гэнэ.
[25]Гөрөөсөнд айх аюулгүй орших-Орчин үеийн Энэтхэг орны Бенарес хотын ойролцоох газрын хуучин нэр.
[26]Гурван эрдэнэ-Чухаг дээд гурав хэмээн төвд хэлнээс орчуулах бөгөөд энэ нь:
Бурхан, Ном буюу Бурханы сургааль, Хувраг.
[27] Лус-(Са: Нага) Гол горхи, цөөрөм, нуур усанд оршигч хүн толгойтой могой биетэй нэгэн зүйл амьтан.
[28]Ягшас-(Са: Якша) Хүн бус тэнгэр, чөтгөрийн төрлийн амьтан.
[29]Асури- (Мо: Тэнгэр бус) Тэнгэр нартай тэмцэлдэх зургаан зүйл хамаг амьтны нэг.
[30]Найман аймаг-Тэнгэр, лус, ягшас, үнэр идэштэн, асури, огторгуйгаар халигч гарьд, хүмүүн буюу юун, хэвлээр мөлгөгч эдгээр болно. 

Sunday, February 3, 2013

Үйлийн үрийн тухай

Багшийн маань нэгэн хичээлийн бичлэгээс.

Доорх холбоос дээр дараад сонсоорой. Мөн 4shared дээр бүртгүүлээд татаж авч болно.
http://www.4shared.com/mp3/x9-cDw_1/11gavj_Nyamsambuu_-_Uiliin_uri.html

Үхэл мөнх бус

Хоорондын ярилцлага. 2013.01.27


Өөрийнхөө энэ хүртэл амьдарсан амьдралын утга учир нь юу юм бэ? гэсэн зорилготой энэ хичээл явагдсан юм. Энэ өдөр Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх шашны их сургуулийн багш Батцэнгэл багшийн Лавайн эгшиг радиод өгсөн үхэл мөнх бусын тухай ярилцлагыг  сонслоо. Мөн хичээлийн дундуур гишүүд өгсөн гурван асуултанд бичиж хураалгав.



Хичээлийн сэдвийн дагуу Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн Шантал багшийн “Үхэл мөнх бус” айлдварын хэсгээс оруулж байна.

Урьд эдлээгүй зовлон гэж үгүй
Ужид түүнээс хаширна гэж үгүй
Урьд эдлээгүй жаргал гэж үгүй
Улам ямагт ханана гэж үгүй
          Хүсэл шунал тань арвидаж улам зовооно
          Хэрэг тусгүй хүслийн уг тэр ямагт нь
          Хэзээ хойно хоосоны уг болсоныг санагтун
          Хорвоогийн хотол чуулган тэр ямагтыг
Оловч мөн урьд лугаа хууртаж
Огт тус хэрэг үгүй барагдах нь магад аа
Одооноос тонилохын мөр бясалгалд эс шамдваас
Орь дахин зовлон хэмжээлшгүй эдэлнэ.
                                                               (Мэргэдийн сургаалаас)
Үхэл болон мөнх бусын хуран мэдлийг төрүүлэхийн ач тус нь юу юм бэ?
Бид байгаа бүх юмандаа шунаж байдаг. Жишээлбэл их хүнд өвчин тусах юм бол өөрт байгаа сайхан юмаа эдэлж хэрэглэж чадахгүй, хоол хүнсээ идэж ууж чадахгүй болдог. Их удаан өвдөх юм бол тэгдэг биз дээ? Тэгээд цаашаагаа тэднийгээ орхиод явах болно.
Өөрийнхөө хотол чуулганд их шунадаг байсан бол явах гэж байгаагаа мэдээд гунигын сэтгэл их үүсдэг.Тэгээд их санаа зовнол төрдөг байна. Мөнгө төгрөг юм үлдээсэн бол “Миний юмыг хэн авчих бол? Аятайхан аваад явж чадах болов уу?” Ихэндээ юмтай хүнд шуналын сэтгэл байдаг юм. Юмандаа санаа зовсон, тайван бус байдаг. Хурааж хуримтлуулсан зүйл маань үхэх үед тус болохгүйгээр барахгүй үхэх үед сэтгэлийг тайван явуулахгүй  нээ.
Төрсөн бие маань надад туслах билүү гээд гэж бодох ?Миний хамт төрсөн бие бол надад хамгаас чухал эрдэнэ мэт байдаг.Бид биеэ дандаа энхрийлж хайрлаж байдаг.Яагаад гэвэл үргэлж надтай хамт байдаг миний хамгийн гол чухал зүйл.Биеэ бид нар энхрийлж хайрлах гэж маш их цаг зарцуулдаг  шүү дээ. Гэтэл яг үхэл ирэхэд нөгөө хайрласан бие чинь ямар ч тус байхгүй болдог.Ер бол бид биеэ өөрийгөө гээд бодчихдог. Биеэ “Би” гээд бодчихдог.Үнэн хэрэг дээрээ бие чинь би биш биз дээ? Бид нар зурган дээр байгаа өөрийн дүрс, толинд туссан тусгалаа хараад би гэж хэлдэг биз дээ? Бид өөрийнхөө биеийг заагаад “ Энэ бол би гэж хэлдэг” толинд туссан дүрсээ хүртэл би гэж боддог.Гэтэл толинд туссан дүрс би мөн юм уу? Чи мөн юм уу? Тэгэхлээр тэр толинд туссан дүрс чинь би биш байгаад зогсохгүй би өөрийнхөө энэ биенээс Шантал хаана байна гээд хайгаад хайгаад олохгүй шүү дээ.Гэхдээ биеэ бол олчихдог. Яагаад гэвэл миний бие сууж байна. Би зогсож байна гэвэл яагаад гэвэл миний бие зогсож байгаа учраас.
Би гэдэг чинь хаана оршиж байна вэ? Биен дотроосоо өөрийнхөө “би”- г олох гээд бясалгал байдаг шүү дээ.Тэр бясалгалын үеэр өөрийнхөө биеийн бүх эрхтэнээ аваад салгаад тавилаа гэж бодоход тэрэн дотроос өөрийгөө олох гээд үзэхээр би гэдэг Шантал гэдэг чинь хаана байна вэ? Олдохгүй шүү дээ.Биенийхээ хаанаас би өөрийгөө Шанталыг олохгүй. Биенийхээ бүх юмыг салгаж тавиад ч олохгүй юм.Тийм учраас өөрийнхөө биеийг “би” гээд бодчихдог учраас бид энэ биендээ шуначихдаг байна. Үхлийн үед биеийн бүх эд эрхтэнүүд доройтоод ашиглах юмгүй хэрэггүй болдог. Ялангуяа өвдөж өнгөрч байгаа хүмүүс бид нар хараад мэднэ шүү дээ. Өвчиндаа шаналсаар шаналсаар орноосоо босож хөдөлж чадахгүйгээр барахгүй өөрөө хоол ундаа идэж чадахаа больдог.Халбагадаад өглөө ч гэсэн түүнийгээ зальгиж чадахаа байдаг.Тэгэхээр энэ бие чинь ашиглагдахгүй болж байна гэсэн үг юм.
Зуун жилийн дараа гэхэд хэд нь байх болоо? Магадгүй одоо бага балчир байгаагаас бусад нь бүгд л үхэж үрэгдсэн байх байхаа.Тэр хүмүүс дотор би ч гэсэн үхэж үрэгдсэн байх болно. Байхгүй байх болно.Тэрнээс гадна миний бүхий найз нөхөд, хамаатан садан аав, ээж, ах, дүү болон энэ өрөөнд байгаа бүх хүмүүс  зуун жилийн дараа гэхэд байхгүй байх байна. Энэ бүгдийг өөрийнхөө сэтгэл зүрхээр мэдрэхийг хичээгээрэй. (Энэ хооронд 5 минут бясалгал)
Цаг хугацаа нэг байрандаа зогсоно гэж байхгүй ээ үргэлж л урсаж байдаг. Өнгөрч байгаа секунд бүр нийлсээр минут болно, минут бүр нийлсээр цаг болно, цаг нь тэгээд цаашилбал өдөр болно,өдрүүд нь сар , он жил болж урсдаг. Өнгөрч байгаа цаг хугацаа болгон өөрийн үхэл рүү улам ойртож байдаг.
Хэзээ үхэхэд магад байхгүй ээ.Бид хэзээ үхэх вэ гэдгээ мэддэггүй гэсэн үг. Дахин хэлэхэд эдгээр бясалгалын зорилго нь хүмүүсийг санаа зовинуулах гээд, хүмүүсийг айлгах гээд байгаа юм биш шүү.Үүнийг бясалгахын зорилго нь юу юм бэ гэвэл бид нарт цаг хугацаа бага байгаа юм байна шүү гэдгийн тийн мэдэл төрүүлэхэд байгаа юм.Өөрөө надад хийх ёстой чухал зүйл байнаа гэж бодож байгаа бол тэрийгээ цагаас урьтаж хийгээрэй үйлдээрэй гэсэн юм. Тэрчлэн бас бид нарын одоогийн энэ амьдрал ямар үнэт чухал юм болохыг тийн мэдлийг төрүүлэхийн тухайтад юмаа. Өөрийн амьдралыг чухалчилж үзэж чадах юм бол түүүнийгээ утга учиртай зүйлд зориулъя гэсэн тийм сэтгэл төрөх юмаа. Эхнийх нь магадтай үхэхийг санах. Магадтай үхэхийг санаад ирэхээрээ хүмүүс “За үхэх нь мэдээж шүү дээ! Гэхдээ арай ч болоогүй байхаа гэсэн тийм сэтгэл төрөөд байдаг.Ахиад нилээн хэдэн жил явчих байлгүй дээ. Тийм учраас одоо юунд нь санаа зовох вэ гэсэн бодол төрөөд байдаг.”  Гэтэл үнэн хэрэг дээрээ магадтай юм гэж байхгүй шүү дээ. Бид нар яг одоо үүнээс хойш хэд наслах вэ?  Гэдгээ мэдэхгүй л байгаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ яг хэзээ бидний үхэл ирэхийг мэдэхгүй юм. Тийм учраас бид хэзээ үхэхийг магад байхгүй гэсэн тэр хоёрдох язгуурыг бясалгадаг юм. Тэр хоёр дахь язгуур дотроо гурван зүйлтэй. Энэ гурван шалтгааны эхний нь хүний амьдралд хэд наслах тоо байхгүй. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр хүн бага залуу балчир байхдаа ч үхэж болно, залуу насандаа ч үхэж болно, эсвэл өтөл  насандаа ч үхэж болно хэзээ ч үхэж болох юм. Тийм учраас насны хязгаар гэж байхгүй ээ. Үхлийн шалтгаан нь болохоор энэ байна.Яг тийм настай хүн л үхнэ, тэр нь үхэхгүй гэсэн тийм юм байдаггүй юм. Хэвлий дотроо бүрэлдсэн хүүхэд ч үхчих нь байна. Дөнгөж төрөөд өнгөрчих нь ч байна.Нялх хүүхэд ч өнгөрчих нь байна.Арван хэд, хорин хэд, гучин хэд,тавин хэд гээд ямар ч насны ямар ч хүн үхэж болдог шүү дээ. Бид өөрсдөө хэзээ үхэхээ мэдэхгүй хэн ч бидэнд хэзээ үхнэ гэдгийг хэлж чадахгүй.Энийг бодох нь хүний нас нь батгүй ээ гэдгийг бодох, энэ шалтгааныг бясалгах нь их тустай байна. Яагаад гэвэл хүмүүс заримдаа хөгширж байж л үхнэ. Хөгшин хүмүүс л үхнэ гэдэг тийм бодол байдаг.Би одоо арайхан нас болоогүй байна тийм учраас үхлийн тухай бодох эрт байна гэдэг ч юм уу?Тэр буруу бодлыг маань дардаг юмаа энэ бясалгал.
Бидний хийж буй энэ бясалгал бол ажиглан шинжих бясалгал юм. Ажиглан шинжиж байгаад яг тэр ярьж байгаа зүйл сэтгэлд баттай төрөөд , тэр мэдрэмж мэдэгдэхүүн төрөхийн бол түүн дээр хэсэг зогсоорой. Цаашид ажиглан шинжихээ болиод төрж байгаа тэр мэдрэмж дээр хэсэг зогсос хийгээрэй. Тэр мэдрэмж чинь замхран алга болдог юм уу өөр бодол орж ирэх юм бол цаашаагаа ажиглан шинжлэх бясалгалаа үргэлжлүүлээрэй. Бид амьдралдаа өмнө байгаа сар жилүүдэд юу хийх вэ гэдгээ төлөвлөж байдаг.Гэхдээ бол үнэн хэрэг дээрээ төлөвлөж бодсон маань тохиолдох уу үгүй юу гэдэг нь магад байхгүй юм. Гэтэл бидэнд ирнээ гэсэн тохиолдож болох ганц магадтай зүйл бол үхэл юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэр ганц магадтай зүйлээ төлөвлөдөггүйгээр үл барам бодохыг ч хүсдэггүй байх юм.Үхэл гэдэг юмыг бодож түүнд бэлдэх нь чухал юмаа. Үхэл бол хүн болгонд ирнэ. Үхэхгүй хүн нэгээхэн ч байхгүй. Сэтгэлдээ урьд бүхний таньж мэддэг алдартай хүмүүсийг бодоцгооё. Цэргийн жанжин,алдартай гүн ухаантан, хөгжимчин гэх мэт бүх хүмүүсийн мэддэг алдартай хүмүүсийн тухай саная. Тэрчлэн бидний мэдэх эрдэмтэн мэргэд, бидний мэдэх гэмт хэрэгтэн ч юм уу хүмүүс мэддэг тэдгээр хүмүүсээс гадна өөр бусад эгэл жирийн олон хүмүүс байгаа гэж бодоорой. Эгэл жирийн хүмүүс нэгэн цагт энэ дэлхий дээр төрөөд одоо бол тэднээс юу ч үлдсэнгүй ор мөргүй алга болсон тухай бодоорой. Өөрийнхөө сэтгэл санаан дотор тэр болдлыг баттай төрүүлээрэй. Эхлээд бүх хүмүүсийн мэддэг алдартай хүмүүсийн тухай бодоод дараа нь бид нартай адил эгэл сая сая хүмүүс төрөөд тэгээд үхсэн гэдэг бодлыг төрүүлээрэй. (Бясалгал 5 минут)
Бүх хүн бол таньж мэддэг тийм хүчтэй, зоригтой хүчирхэг хүмүүс байсан байна.Бас хүмүүсийн мэддэг болсон гайхан шагширсан тийм урлагын гайхамшигтай зүйлсийн хийж үлдээсэн хүмүүс  байна. Гэтэл тэр хүмүүс өөрсдөө одоо байхгүй байна шүү дээ. Бүгдээрээ л үхэж үрэгджээ гэж бодох нь.Би ч гэсэн эд нартай адилхан үхнэ шүү дээ гэж бодоорой. Миний амьдралын төгсгөл ч гэсэн нэг өдөр ирнэ гэж бодоорой.(Бясалгал )
Дараа өөрийнхөө таньж мэддэг хүмүүсийг өөрийнхөө гэр бүл ойр дотны хүмүүсийн яваад өгсөнийг санаад би ч гэсэн нэг өдөр явна шүү дээ гэж бодоорой.(Бясалгал)
Өөрийн сэтгэлд байдаг би би гэсэн тэр бодлоо дарж нимгэлээд тэрнийхээ өмнө бусдыг илүү анхаарах юм бол тэр чинь сайн юмаа. Бусдыг гэсэн асаръя , хайрлая гэсэн бусдын төлөө сэтгэл юм.
Тэрчлэн болио мэдэл гэж юмыг таньж мэддэг, больж мэддэг  шунал багатай тийм байх хэрэгтэй. Шунал багатай байна гэдэг нь баруунд бол юуг хайхрахгүй анзаарахгүй байх гээд ойлгочихдог. Энэ бол тийм биш шүү.
Бид амьд байхдаа өөртөө ямар нэгэн хэцүү бэрхшээлтэй юм тохиолдоход бусдад ханддаг. Эсвэл эд зүйлсдээ ч юм уу ямар нэгэн юмнаас тусламж хайж ханддаг. Жишээлбэл өөрийнхөө гэр бүл найз нөхөддөө надад сэтгэл санааны болоод эд хөрөнгийн тусламж үзүүлээч ээ гэж хандах нь бод элбэг байдаг. Тэгвэл үхэл ирэх цагт хэн бид нарт туслах вэ?Хичнээн сайн орон гэрийнхэн гэр бүл найз нөхөд байлаа гээд яг үхэж байхад нь тэд туслаж чадах билүү?Хүмүүс боддог байх л даа үхэж байхад намайг асарж , хайрлаж байдаг хүмүүс байвал сайхан гэж.
Нэгдүгээрт тэд нар үхэж байхад хажууд байж чадах уу үгүй юу гэдэг нот байхгүй. Яагаад гэвэл бид нар хэзээ үхэхээ мэдэхгүй шүү дээ. Гэр орноосоо хол ч үхчих юм билүү? Аваар ослоор үхэж болно. Гэр орноосоо хол явж байгаад аваарт орж болно. Хэдий гэр орныхоо ойр байлаа ч гэсэн эмнэлэгт юмуу орон гэрийнхээ ойр аваарт орлоо ч гэсэн магадгүй тэднийгээ ирэхээс өмна үхчиж болно шүү дээ. Уулзаж чадахгүй. Үхэж байх үед чинь гэр орныхон чинь хажууд байлаа гэж бодъё. Яг хажууд байлаа гээд яг үнэхээрийн тус болж чадах уу гээд бодоод үзээрэй. Энэ наснаас одохдоо тайван сэтгэл их амгалан явбал сайн гэж. За ингээд явж байнаа явахдаа харамсах юм байхгүйгээр бэлтгэлтэй явбал сайн. Тэгтэл нөгөө нас барж байгаа хүний хажууд байгаа ойр дотныхон ихэндээ л уйлж унжин намайг битгий орхиж яваач! Битгий яваач гээд гуйж гуншиж байгаа тийм их сэтгэл хөдлөлийн үед яаж тайван явж чадах билээ?Үхлийн процессууд, үйл явцууд бие сэтгэл дотор явагдаж байхад дараа төрөлдөө одож байх үед сэтгэл тайван амгалан байхад хэцүү байдаг. Гэтэл хажууд байгаа хүмүүстээ дээр санаа зовох хэрэгтэй болно. Одоо яанаа намайг явчихаар эд нар минь яах бол гэх ч юм уу тийм сэтгэл төрдөг байна. Тэгэхээр өөрсдөөсөө нэг асуугаад үзье. Хамаг ойр дотны хүмүүс маань намайг үхэх цагт хажууд байлаа гээд үнэхээр тустай байж чадах уу гэж?Эсвэл үнэхээрийн тустай тайван амгалан ямар ч айдасгүй санаа зовинолгүй амар тайван явахад тэд нар туслаж чадах уу?гэдгийг нэг бодоод үзээрэй.  Хамгийн сайхан үхэл бол элдэв шунал тачаал , хүсэл, уур уцаар айдас , гуниггүйгээр явах. Намайг ингэж явахад миний ойр дотны хүмүүс тусалж чадах уу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Энэ талаар сайн бодоод үзээрэй. Магадгүй хамт байгаа хүмүүс тань танд тустай байлаа гэж бодъё. Сэтгэл тайван амгалан элдэв бусын шунал уур уцаар төрөхгүй байхад тусалж байлаа гэж бодоход үхэх тэр үйл явц явагдах үед бид нарын гадна талын сэрж мэдэж байгаа мэдэл болгон дотогшоогоо хураагдаж эхэлдэг. Тэгээд бүх бүдүүн мэдлүүд хураагдаад  дотогшоогоо шингэж эхэлдэг учраас гадна байгаа юмнуудыг танихаа больж эхэлдэг. Гадны хүмүүсийг танихгүй тэд нартайгаа харьцаж чадахаа больдог. Тийм учраас хэдийгээр нөгөө хайтай дотны хүмүүс хажууд чинь байлаа ч гэсэн ганцаараа л явна шүү дээ. Хэрэв амьд байхдаа өөрийнхөө асуудал хэцүү бэрхшээлийг өөрөөр өөрөө шийдвэрлэж чадахгүй дандаа бусдаас тусламж аван бусдад найддаг байсан бол яг тэр үхэл ирэхийн цагт ганцаараа л явна шүү дээ.
Бидний бие гэдэг чинь маш хэврэг эмзэг өчүүхэн юм. Хэдийгээр бид дотроо би бол их хүчтэй эрүүл саруул, би бол юунд ч дийлдэшгүй гэх тийм бодол төрж байж болох юм. Гэтэл энэ бол худлаа юм. Өчүүхэн жижиг зүйл ч бидний үхлийн шалтгаан болж болно. Эдгээр бүх шалтгаанаас ямар шийдвэрийг гаргаж болох вэ гэхээр үхэл ирэх нь магадтай юм. Би бол магадтай үхэх юм  байна. Тэгээд бас миний үхэл ирэх цаг магад байхгүй юм. Хэзээ ч үхэж болох нь ээ. Тэгээд бидэнд номыг хийх цаг байхгүй учраас номыг үйдэе , дээдийн номыг үйлдэе гэж бодоорой. Үхэхийн цагт юу тустай байдаг юм бэ?тэрийг шинжээрэй. Үхнэ гэдэг маань энэ биенээс сэтгэл салж дараагийн аяндаа орноо гэсэн үг. Бид нар амьд байхдаа аянд явахдаа маш их юм бэлддэг биз дээ.Паспортоо авна. Визээ авна. Аян замд  хэрэглэх юм, хувцас хунар гээд маш их юм бэлддэг шүү дээ. Гэтэл бид энэ амьд байгаа цагтаа хэзээ ч бид нар тийм том аялалд гарах гэж байна шүү дээ. Үхлийн дараах аян.Тэр аяндаа хэр бэлдсэн билээ. Юу авч явах гэж байгаа билээ.
Бидний ихэд нимгэлэх ёстой нэг хүслийн сэтгэл бол шунал хүслийн сэтгэл. Хэрэв бид нар өөрийнхөөр ойр дотны хүмүүст маш их шунаж баридаг бол тийм сэтгэлтэй бол үхэх цагт бүр их хэцүү болно. Тэгэхлээр хамаатан садан , ойр дотны хүмүүс, эд хөрөнгө тэдгээрт шунах хүслээ амьд байхдаа багасгах хэрэгтэй. Тэгээд үүнтэй адил өөрийн биенд ер нь л шуналаа багасгах хэрэгтэй. Бас нэг бодож болох юм юу гэхлээр би урд төрөлдөө бас л нэг бие авч төрж байсан ,урд төрөлдөө бас л өөрийн гэсэн эд хөрөнгө эд зүйлтэй байсан тэрийгээ орхиод л явсан шүү дээ. Одоо бас энд ирээд өөрийн гэсэн юмтай байна.Урд төрөлдөө бие сэтгэл хоёр хагацаад тэгээд энэ биеийг олоод төрсөн байна. Франц аав ээжтэй болж төрөөд сургуульд сураад ажил хийсэн. Бас хоёр эгч дүүс болсон. Энэ нь зөвхөн энэ насны надад байгаа юмс юм.Тэгэхлээр энэ төрлийн олж төрсөн биеийг өөрийнхөө эргэн тойронд байгаа нөхцөл юмнаас болоод л би өөрийгөө Шантал гэдэг би байна гэдэг бодол төрчихдөг. Энэ юмнууд ч гэсэн нэг төрлийн дотор ч гэсэн янз бүрээр солигддог шүү дээ. Жишээлэх юм бол би энэ төрөлдөө Католик гэр бүлд Каталик шашинтай болж төрсөн. Гэтэл би бурханы шашинтай болсон. Эгэл хүн байсан сахил хүртээд бурханы шашинтай болоод санваартан болсон. Түүнээс би үүнээс өмнө санваартан байгаагүй шүү дээ.Тэгэхлээр энэ бүхнээс шалтгаалаад би бол тэр, би бол энэ гээд бодоод байдаг. Зарим хүмүүс бүр хүйсээ соличихож байгаа биз дээ.