“Эртэч Монгол хүн” өглөөний ажил хэрэгч уулзалтаар эх оронч үзэлтэй, ёс суртахуунлаг, манлайлан оролцох нь гэсэн агуулгаар нийгмийн салбар бүрийн ажил амьдрал хийсэн бүтээсэн үйлээрээ олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөн, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн хүндтэй зочид уригдан илтгэл тавьдаг билээ.
Энэ удаагийн ээлжит 34 дэх “Эртэч Монгол хүн” уулзалт 2011.10.20 буюу өнөөдөр өглөө 07:00 цагаас УИД-ийн 6 давхарт болж өндөрлөлөө. Гэгээрлийн цагаар Гандантэгчилэн хийдийн Да лам Х.Бямбажав "Хүний зохистой амьдрах ёсон" сэдвээр илтгэл тавьсан юм.
“Гүрэн улсынхаа төлөө гэр бүлээ зориул, гэр бүлийнхээ төлөө өөрийгөө зориул, гэгээрлийн төлөө бүхнээ зориул” гэсэн бурхан багшийн сургаалийн адилаар та бүхэнтэй “Эртэч Монгол хүн” уулзалтын гэгээрлийн цагаар уулзаж буйдаа баяртай байна” хэмээгээд тэрээр лекцээ эхэлсэн юм.
“Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулна” гэсэн эрхэм зорилт Монгол улсын Үндсэн хуулинд байдаг. Гэтэл өнөөдөр “хүнлэг энэрэнгүй нийгэм” гэдгийг бүрэн тодорхойлж чадаагүй байна. Дэлхий дахинд бурханы шашныг хамгийн шинжлэх ухаанч, хүнлэг энэрэнгүй, эрх чөлөөт гэж үздэг. Бурханы шашин өчүүхэн жижиг шавьжаас эхлээд үлэмж биетнийг хүртэл хайрлан хамгаалах ёстой гэж үздэг. Энэ нь энэрэнгүй үзлийн баталгаа болдог. Харин хорвоо ертөнц, байгалийг хэн нэгэн бүтээсэн бус түүний зүй тогтол, учир шалтгааныг эрхэмд үздэг тул шинжлэх ухаанч гэж нэрлэгддэг.
Харин сүүлийн үед Монголчуудын дунд шашин соёлоо үгүйсгэх, тэрсэлдэх, харийн шашныг илүүд үзэх явдал газар авч байна. Гэтэл түүхийн үүднээс авч үзвэл, Бурханы шашин Монголын нийгмийг соёлжуулан, гэгээрүүлж байсан. Мөн анх Хүннү гүрний үеэс эхлэн Монголд дэлгэрсэн урт удаан хугацааны түүхтэй шашин билээ. 16-р зууны үед Бурханы шашинтай хамт дорно дахины соёл Монголд дэлгэрсэн нь нийгмийг харанхуйгаас гэрэлт зүг рүү чиглүүлсэн юм. Тэр цаг үеийн сүм хийд, дацангууд салбар бүрийн олон үүрэгтэй байлаа. Тухайлбал, зурхайн, эмнэлгийн, гүн ухааны, яруу найргийн дацан гэх мэт их, бага арван ухааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байж. Гэтэл шашинг мухар сүсэг гэсэн эндүү бодолтой хүмүүс их байна. Үнэндээ, мухар сүсэг бол аливаа үзэл номлолыг бүрэн ойлгож эс чадсан авч шууд даган дуурайхыг хэлдэг.
Буддизмын гүн ухаантан Агваанбалдан “ Будда миний садан бус, бусад нь миний дайсан бус, тэдгээрийн биет үйлдлийг би эс үзсэн бөгөөд үг ба үйлийн тус тусын ялгаврыг олж сонсоод харин Буддын эрдэм хэтэрхий тул би түүнд сүсэглэж буй болой. Будда миний эцэг бус, бусад нь миний дайсан бус, Будда нар ямар ч эд эдлэл өгөөгүй, бусад нь надаас юу ч буцааж аваагүй. Гэвч Буддын үзэл явдал нь ямагт бусдад туслахын тулд байдаг учир би түүнд сүсэглэж буй болой” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ нь бурханы шашин бусад шашнаас илүү эрдэм мэдлэг, гүн ухааны шинж чанартай болохыг илэрхийлсэн аж.
Илтгэлийн сүүл хагаст тэрээр Монголчуудын дунд ёс суртахууны хэм хэмжээ болж байсан 10 хар нүглийн талаар ярьлаа. Үүнд, амьтны амь таслах, эс өгснийг авах, буруу хурьцал, худал ярих, хов өгүүлэх, ширүүн үг хэлэх, дэмий чалчих, хомхой сэтгэл, хорлох сэтгэл, буруу үзэл сэлт ордог аж. Монголчууд эдгээрийг амьдралынхаа зохист ёс, хэм хэмжээ болгон хэрэгжүүлсээр өдийг хүрсэн. Сонирхолтой жишээ дурьдвал, урьд цагт яргын газарт алуулах гэж буй амьтныг худалдан авч, амийг нь өршөөн, тэжээдэг байсан баримт бий. Мөн малыг сэтэрлэж, амийг нь хамгаалдаг байж. Монголчууд нийгэм, соёл, ахуй зэрэг олон талаараа бурханы шашинтай салшгүй холбоотой.
“Монголчуудын дунд гэгээрлийн төлөө цаг зав, ажил амьдралаа зориулж буй хүмүүсийн хэсэг бол өнөөдрийн оролцогчид та бүгд юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэсэн ерөөлөөр өнөөдрийн уулзалт өндөрлөлөө.
Уулзалтанд “Эртэч монгол”-ийн түүчээ болсон 30 гаруй хүмүүс ирсэн юм.
http://www.mongoliandream.mn/index.php?option=com_content&view=article&catid=103:2009-08-03-07-27-35&id=1886:2011-10-20-05-34-07&Itemid=110&lang=mn
No comments:
Post a Comment