Saturday, February 22, 2014

Хамгийн шинжлэх ухаанч, энэрэнгүй, эрх чөлөөт шашин бол Бурханы шашин

2 жилийн өмнө "Монгол тэмүүлэл - Сайхан Монгол Орон" ТББ-аас зохион байгуулан явагддаг байсан нэгэн уулзалтын тэмдэглэлээс.

“Эртэч Монгол хүн” өглөөний ажил хэрэгч уулзалтаар эх оронч үзэлтэй, ёс суртахуунлаг, манлайлан оролцох нь гэсэн агуулгаар нийгмийн салбар бүрийн ажил амьдрал хийсэн бүтээсэн үйлээрээ олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөн, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн хүндтэй зочид уригдан илтгэл тавьдаг билээ.
Энэ удаагийн ээлжит 34 дэх “Эртэч Монгол хүн” уулзалт 2011.10.20 буюу өнөөдөр өглөө 07:00 цагаас УИД-ийн 6 давхарт болж өндөрлөлөө. Гэгээрлийн цагаар Гандантэгчилэн хийдийн Да лам Х.Бямбажав "Хүний зохистой амьдрах ёсон" сэдвээр илтгэл тавьсан юм.
“Гүрэн улсынхаа төлөө гэр бүлээ зориул, гэр бүлийнхээ төлөө өөрийгөө зориул, гэгээрлийн төлөө бүхнээ зориул” гэсэн бурхан багшийн сургаалийн адилаар та бүхэнтэй “Эртэч Монгол хүн” уулзалтын гэгээрлийн цагаар уулзаж буйдаа баяртай байна” хэмээгээд тэрээр лекцээ эхэлсэн юм.
“Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулна” гэсэн эрхэм зорилт Монгол улсын Үндсэн хуулинд байдаг. Гэтэл өнөөдөр “хүнлэг энэрэнгүй нийгэм” гэдгийг бүрэн тодорхойлж чадаагүй байна. Дэлхий дахинд бурханы шашныг хамгийн шинжлэх ухаанч, хүнлэг энэрэнгүй, эрх чөлөөт гэж үздэг. Бурханы шашин өчүүхэн жижиг шавьжаас эхлээд үлэмж биетнийг хүртэл хайрлан хамгаалах ёстой гэж үздэг. Энэ нь энэрэнгүй үзлийн баталгаа болдог. Харин хорвоо ертөнц, байгалийг хэн нэгэн бүтээсэн бус түүний зүй тогтол, учир шалтгааныг эрхэмд үздэг тул шинжлэх ухаанч гэж нэрлэгддэг.
Харин сүүлийн үед Монголчуудын дунд шашин соёлоо үгүйсгэх, тэрсэлдэх, харийн шашныг илүүд үзэх явдал газар авч байна. Гэтэл түүхийн үүднээс авч үзвэл, Бурханы шашин Монголын нийгмийг соёлжуулан, гэгээрүүлж байсан. Мөн анх Хүннү гүрний үеэс эхлэн Монголд дэлгэрсэн урт удаан хугацааны түүхтэй шашин билээ. 16-р зууны үед Бурханы шашинтай хамт дорно дахины соёл Монголд дэлгэрсэн нь нийгмийг харанхуйгаас гэрэлт зүг рүү чиглүүлсэн юм. Тэр цаг үеийн сүм хийд, дацангууд салбар бүрийн олон үүрэгтэй байлаа. Тухайлбал, зурхайн, эмнэлгийн, гүн ухааны, яруу найргийн дацан гэх мэт их, бага арван ухааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байж. Гэтэл шашинг мухар сүсэг гэсэн эндүү бодолтой хүмүүс их байна. Үнэндээ, мухар сүсэг бол аливаа үзэл номлолыг бүрэн ойлгож эс чадсан авч шууд даган дуурайхыг хэлдэг.
Шашин бол зөвхөн өөрийн сургаал номлолоор л бусдын талархалыг хүлээдэг байх ёстой. Гэвч зарим нэг шашин англи хэл, компьютер заах, бэлэг сэлт өгөх гэх мэт эд хөрөнгө, тусламжаар бусдыг татах болсон нь харамсалтай.
Буддизмын гүн ухаантан Агваанбалдан “ Будда миний садан бус, бусад нь миний дайсан бус, тэдгээрийн биет үйлдлийг би эс үзсэн бөгөөд үг ба үйлийн тус тусын ялгаврыг олж сонсоод харин Буддын эрдэм хэтэрхий тул би түүнд сүсэглэж буй болой. Будда миний эцэг бус, бусад нь миний дайсан бус, Будда нар ямар ч эд эдлэл өгөөгүй, бусад нь надаас юу ч буцааж аваагүй. Гэвч Буддын үзэл явдал нь ямагт бусдад туслахын тулд байдаг учир би түүнд сүсэглэж буй болой” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ нь бурханы шашин бусад шашнаас илүү эрдэм мэдлэг, гүн ухааны шинж чанартай болохыг илэрхийлсэн аж.
Илтгэлийн сүүл хагаст тэрээр Монголчуудын дунд ёс суртахууны хэм хэмжээ болж байсан 10 хар нүглийн талаар ярьлаа. Үүнд, амьтны амь таслах, эс өгснийг авах, буруу хурьцал, худал ярих, хов өгүүлэх, ширүүн үг хэлэх, дэмий чалчих, хомхой сэтгэл, хорлох сэтгэл, буруу үзэл сэлт ордог аж. Монголчууд эдгээрийг амьдралынхаа зохист ёс, хэм хэмжээ болгон хэрэгжүүлсээр өдийг хүрсэн. Сонирхолтой жишээ дурьдвал, урьд цагт яргын газарт алуулах гэж буй амьтныг худалдан авч, амийг нь өршөөн, тэжээдэг байсан баримт бий. Мөн малыг сэтэрлэж, амийг нь хамгаалдаг байж. Монголчууд нийгэм, соёл, ахуй зэрэг олон талаараа бурханы шашинтай салшгүй холбоотой.
“Монголчуудын дунд гэгээрлийн төлөө цаг зав, ажил амьдралаа зориулж буй хүмүүсийн хэсэг бол өнөөдрийн оролцогчид та бүгд юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэсэн ерөөлөөр өнөөдрийн уулзалт өндөрлөлөө.
Уулзалтанд “Эртэч монгол”-ийн түүчээ болсон 30 гаруй хүмүүс ирсэн юм.

http://www.mongoliandream.mn/index.php?option=com_content&view=article&catid=103:2009-08-03-07-27-35&id=1886:2011-10-20-05-34-07&Itemid=110&lang=mn

Зовлонг амгаланд урвуулахуй-1

ИХУХТөв дээр явагддаг "Буддизмыг танин мэдэхүй" цуврал хичээлийн VIII болж энэ удаагийн хичээл 2014.02.17нд эхэллээ. Нийт 6 удаагийн хичээл бөгөөд даваа гараг бүр 18:15-с 20:00 хооронд ордог. Багш ТүвдэнГялмо.

Хичээлийн товч тэмдэглэл /өөрийн хувьд/

...Бурханы шашин нь юмыг эрж хайдаг, учирыг нь асуудаг, оюуны эрэлчин улсад их тохирдог мэт байдаг. Би анх Англид Ешэ ламтан болон Зопа ринбүчи нарын сургаалийг сонсож, хайж явсан (христ шүтлэгтэн ба буяны үйлс хийдэг гэр бүлд өсөж торнисон) асуултуудын хариуг олох шиг болсон.
Бид бүхэн өсөх наснаас л олон зүйлд дурлаж, олон зүйлээс аз жаргал, амар амгаланг эрж байсан. Гэвч аз жаргалыг олсон бол одоо энд сууж байх уу.
Миний хайгаад байгаа юмыг үнэнхүү олсон учир Бурханд мөргөмүй.
Аврал одуулах залбирал, сэдэл нь аливаа үйлийн буян нүглийн түлхүүр болдог.

Бидний сэтгэл амар амгалан байхдаа асуудал, бэрхшээлийг зөвөөр, хохирол багатайгаар шийдэж чаддаг. Эсрэгээрээ тайван бус тогтворгүй байвал ямар ч асуудал өчүүхэн жижиг ч том болон дэвэрч, улам муутгадаг байна.
Эргэн тойрон бүх зүйл сайн сайхан байхад дотор /сэтгэл/ нь муухай байх нь бүгдийг муухай болгодог.

Зовлон гэж юу вэ?
Зовлон хаанаас гарч ирээд байна?

Бурхан Багшийн айлдснаар "Бидний эдлэх бүх жаргал, бүхий л зовлон мэдрэмж сэтгэлээс шалтгаалдаг нь ямар ч эргэлзээгүй" гэдэг.
Гаднах бусад зүйлс нь зовлон, жаргалын хоёрдагч нөхцөл шалтгаан болдог болохоос бидний сэтгэлд байх үр нь үндсэн шалтгаан болно.
Хүн ямар нэгэн зүйлд хандах дадал зуршилтай болсон байдаг. Үүнийг өөрчилж болно. Гэхдээ маш их хөдөлмөр, хугацаа шаардаж огт өөрөөр ханддаг болж болно.
Оюун санааны нэг чанар нь үргэлж өөрчлөгдөн хувьсах юм.

/Тийм зам байхгүй шинээр бий болгох ёстой юм./

Хичээлийн ерөнхий бүтэц
  • Ертөнцийн найман ном. Бидний өдөр тутам үйлддэг зүйлийн (ихэнх) цаад санаа нь ертөнцийн 8 номны дагуу байдаг.
  • Өвөр бусдыг өөрөөр арилжах. Их бодь мөрийн зэрэгт 5 үе шат заасан.
  • Уур хилэнгийн муу тал
  • Зовлонг хэрхэн гэгээрлийн мөрд урвуулах вэ.
  • Бусдын зовлонг өөр дээрээ эдлэхүй. Энэ нь өөрийн сэтгэлийг эмчлэх арга болно.
  • Амар амгалан, аз жаргалыг гэгээрлийн мөрд урвуулахуй.
Ланри Танба Доржэ Сэнгэ гэвшийн зохиосон "Оюун судлахуйн 8 мөр шүлэг"-ийг бид голчлон судлана. Яваандаа цээжлэх хэрэгтэй. Энэ бол хүний сэтгэлд их тустай, тэлж өгдөг сургаал юм.
Биеийн фитнест яагаад явдагтай адил сэтгэлийн фитнест явах хэрэгтэй юм.

Хичээлд нэмэлт болгож унших ном материалууд:
  • "Гэтлэхүйн гарын авлага". ОУИХУХТөвүүдэд байгаа сургалтууд энэ ном дээр үндэслэсэн байдаг. Энэ хичээл уг номон дах 17 дах өдрийн ном буюу хичээлд байна. Мөн 18 дах өдрийн номонд байна. (Хоёр төрлийн бодь сэтгэлийн тухай 397р хуудас). Анхны хэвлэл Golden Edition гэж байдаг. Мөн дараа нь дэлгэрэнгүй зохиосон Blue Edition гэж бий. Англиар "Lebiration in Your Palm", интернэт худалдааны сайтуудаар байгаа.
  • "Зовлонг амгаланд урвуулахуй" Зопа ламтан. Жижигэвтэр, доор 2000₮-р худалдаж буй. Англиар мөн бий.
Өдөрт дор хаяж 5-10' бясалгаж байгаарай.
Долоо хоног бүрийн лхагва гарагт 18:00-19:30 хооронд бясалгалын хичээл явж байгаа.



Оюун судлахуйн найман шад

1.    Хамаг амьтныг би бээр одоо эдүгээгээс
Хүслийг хангагч чандмань эрдэнээс илүүд
Хэрэг утгын дээдэд бүтээх сэтгэлээр
Хэзээ ямагт энхрийлэн үзэх болтугай.

2.    Хаа одож хэнтэй нөхөрлөвч
Хэзээд би хамгаас дорд газрыг бариад
Хүрэн зүрхний угаас хэнийг боловч
Хүндлэлийн дээдэд энхрийлэн үзэх болтугай

3.    Явдал мөр бүхэнээ өөрийн сэтгэлд шинжээд
Ямар боловч муу нисваанис төрөх сацуу
Өөр бусад балмад явдалт болох аваас
Өдгөө даруй нисваанисыг ёзоороор нь хүчлэн буцаах болтугай.

4.    Авир чанар муут хэн нэгэн
Ажваас хилэнц зовлонд нэрвэгдэх цагт
Алт эрдэнэсийн гуу сан лугаа учирсан мэт
Аяа, олдахуйяа бэрх хэмээн энхрийлэн үзэх болтугай.

5.    Хэн нэгэн надад тэнсэх сэтгэлээр
Хүлцэшгүй ихээр басамжлах тэргүүтэн
Үл зохих алдаа унал бүхнийг би өөрт аваад
Үнэнхүү ялалт сайн үрийг бусдад өргөх болтугай

6.    Хэдийгээр намайг ихэд хорлосон байлаа ч
Хэн нэгэнд би бээр туслая хэмээн
Хэмжээлшгүй их хүсэл эрмэлзлээр
Хэзээд дээд буяны садан хэмээн үзэх болтугай.

7.    Товчилвоос, бодитой хийгээд үндэс дамжлагаар
Тус амгаланг эх болсон бүхнээ өргөе
Тэдэнд учирсан хорлол хийгээд хамаг зовлонг
Тухай бүр нууцаар би өөртөө авах болтугай.

8.    Аль тэр бүгдийг ертөнцийн найман номын
Атгаг хирээр бохирлож үл цөвтүүлээд
Оногдохуун юмс илбэ мэтийг оносон оюунаар
Онц шунал үгүйгээр орчлонгийн хүлээснээс гэтгэх болтугай.

The Eight Verses of Thought Transformation
 The Eight Verses of Thought Transformation
By Geshe Langri Tangpa
1. Determined to obtain the greatest possible benefit from all sentient beings, who are more precious than a wish-fulfilling jewel, I shall hold them most dear at all times.

2. When in the company of others, I shall always consider myself the lowest of all, and from the depths of my heart hold others dear and supreme.

3. Vigilant, the moment a delusion appears in my mind, endangering myself and others, I shall confront and avert it without delay.

4. Whenever I see beings who are wicked in nature and overwhelmed by violent negative actions and suffering, I shall hold such rare ones dear, as if I had found a precious treasure.

5. When, out of envy, others mistreat me with abuse, insults, or the like, I shall accept defeat and offer the victory to others.

6. When someone whom I have benefited and in whom I have great hopes gives me terrible harm, I shall regard that person as my holy guru.

7. In short, both directly and indirectly, do I offer every happiness and benefit to all my mothers. I shall secretly take upon myself all their harmful actions and suffering.

8. Undefiled by the stains of the superstitions of the eight worldly concerns, may I, by perceiving all phenomena as illusory, be released from the bondage of attachment

http://www.naljorprisondharmaservice.org/pdf/EightVerses.pdf
http://www.lamayeshe.com/index.php?sect=article&id=381
http://www.thubtenchodron.org/PrayersAndPractices/eight_verses_of_thought_transformation.html
http://www.abuddhistlibrary.com/Buddhism/A%20-%20Tibetan%20Buddhism/Authors/Sangye%20Khadro/Eight%20Verses%20of%20Thought%20Transformation/Amitabha%20Buddhist%20Centre%20-%20Dharma%20Online%20VII.htm
1. Determined to obtain the greatest possible benefit from all sentient beings, who are more precious than a wish-fulfilling jewel, I shall hold them most dear at all times.

2. When in the company of others, I shall always consider myself the lowest of all, and from the depths of my heart hold others dear and supreme.

3. Vigilant, the moment a delusion appears in my mind, endangering myself and others, I shall confront and avert it without delay.

4. Whenever I see beings who are wicked in nature and overwhelmed by violent negative actions and suffering, I shall hold such rare ones dear, as if I had found a precious treasure.

5. When, out of envy, others mistreat me with abuse, insults, or the like, I shall accept defeat and offer the victory to others.

6. When someone whom I have benefited and in whom I have great hopes gives me terrible harm, I shall regard that person as my holy guru.

7. In short, both directly and indirectly, do I offer every happiness and benefit to all my mothers. I shall secretly take upon myself all their harmful actions and suffering.

8. Undefiled by the stains of the superstitions of the eight worldly concerns, may I, by perceiving all phenomena as illusory, be released from the bondage of attachment. - See more at: http://www.lamayeshe.com/?sect=article&id=733#sthash.bXaONMIQ.dpuf
1. Determined to obtain the greatest possible benefit from all sentient beings, who are more precious than a wish-fulfilling jewel, I shall hold them most dear at all times.

2. When in the company of others, I shall always consider myself the lowest of all, and from the depths of my heart hold others dear and supreme.

3. Vigilant, the moment a delusion appears in my mind, endangering myself and others, I shall confront and avert it without delay.

4. Whenever I see beings who are wicked in nature and overwhelmed by violent negative actions and suffering, I shall hold such rare ones dear, as if I had found a precious treasure.

5. When, out of envy, others mistreat me with abuse, insults, or the like, I shall accept defeat and offer the victory to others.

6. When someone whom I have benefited and in whom I have great hopes gives me terrible harm, I shall regard that person as my holy guru.

7. In short, both directly and indirectly, do I offer every happiness and benefit to all my mothers. I shall secretly take upon myself all their harmful actions and suffering.

8. Undefiled by the stains of the superstitions of the eight worldly concerns, may I, by perceiving all phenomena as illusory, be released from the bondage of attachment. - See more at: http://www.lamayeshe.com/?sect=article&id=733#sthash.bXaONMIQ.dpuf

Saturday, April 6, 2013

Mонголчууд: БУДДЫН ШАШИН ДААТГАЛЫН КОМПАНИ БИШ


Энэхүү нийтлэл бидний клуб байгуулагдахаас дөнгөж өмнөхөн бичигдэж байжээ.
БУДДЫН ШАШИН ДААТГАЛЫН КОМПАНИ БИШ

Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам, орчин үед Буддын шашны ном сургаалыг энгийн иргэдэд тайлбарладаг төвүүд их хэрэгтэй. Монголын залуучууд та нар өөрсдөө жижиг жижиг бүлгэмүүд байгуулаад Буддын шашны сургаал, онол зэргийг хоорондоо ярилцаж, санаа оноогоо солилцож бай. Ийм төвүүдийг энэтхэг, төвд залуучууд Энэтхэгийн Дарамсалад олноор байгуулж байгаа. Их үр дүнтэй, ач тустай юм байна лээ. Буддын шашны нотлохуй ухаан бол бүх ажил мэргэжилтэй хүмүүст ач тусаа өгнө. Та бүхэн Буддын шашны нотлохуй ухааныг эзэмшээд ажил төрөлдөө ашиглаа гэж айлдсан билээ.

Монголын Бурханы шашинтны нийгэмлэг бол Далай ламын сургаалыг бодитойгоор биелүүлж буй байгууллага юм. Тус нийгэмлэг энгийн хүмүүст Бурханы шашны сургаал, номлолыг тайлбарлаж, орчин үеийн Бурханы шашинтныг бэлтгэхийг зорин нэг сарын хугацаатай сургалт зохион байгуулж байна.

Уг сургалт сүсэгт суурилсан бус харин мэдлэгт суурилсан Бурханы шашныг иргэдэд түгээх зорилготой. Хэрэв мэдлэгт суурилсан Бурханы шашныг энгийн иргэдэд түгээвэл орчин үеийн, мэдлэгтэй Бурханы шашинтныг олноор төрүүлнэ гэж МБШН-ийн багш, гавж Д.Нямсамбуу хэлж байна.
Орчин үеийн, мэдлэгтэй Бурханы шашинтан гэж хэнийг хэлэх вэ? гэвэл шашныхаа ертөнцийг үзэх үзлийг мэддэг, сайн үйл хэргээрээ үүнийгээ илэрхийлдэг, өөрөө өөртэйгээ тэмцэж, муу сэтгэлээ дийлж, өөрийгөө засаж байж л амар амгаланг олохыг ухаарсан хүнийг хэлэх аж. Түүнээс биш Бурханы шашны талаар юу ч мэдэхгүй байж, зовж ядрахдаа л “Намайг авраачээ, би мөнгө өгсөн шүү!” гээд Ганданд очиж хүрд эргүүлдэг, ламд өргөл барьц, “хээл хахуул” өгч ном уншуулдаг хүний хэлэхгүй гэнэ.
ХХI зуунд Монголд мэдлэгт суурилсан Бурханы шашин маш чухал. Угаасаа л мэдлэгт суурилсан бүхэн чухал болсон зуун бол ХХI зуун. ХХI зууны хувь хүн бол аливааг “Энэ юу вэ?” гэж эргэцүүлэн бодох ёстой. Мухар сүсэг бол хүний эргэцүүлэн тунгаах чадварыг сохолдог. Буддын шашны нотлохуй ухаан асар гүнзгий. Энэ давуу талаа ашиглаж хүмүүст хүрэх хэрэгтэй гэж Д.Нямсамбуу ярьж байлаа.
Тэрбээр мөн: Монголчуудын дийлэнх нь Бурханы шашинд даатгалын компани шиг хандаж хар амиа хаацайлан лам хуврагуудад мөнгө өгч байна. Энэ бол таатай хэрэг биш. Бурханы шашин бол үйлийн үрийг л номлодог. Зөв юм хийвэл зөв сайхан байна. Буруу юм хийвэл буруу байна. Энэ чинь зүй тогтол юмаа гэж л номлодог. Орчлон хорвоод та нар бие биенээсээ хамааралтай, бие биендээ хэрэгтэй. Тийм болохоор та нар бие биенээ хүндэлвэл жаргана шүү гэдэг аргыг л Бурхан багш зааж өгсөн. Түүнээс биш надад л итгэвэл, юунд ч бүү санаа зов. Би бүгдийг шийднэ гэж хэлээгүй. Бусад зарим шашинд Ертөнцийн эзэн гэж байдаг бол Бурханы шашинд Бурхан багш гэж бий. Бурхан багш сохроор дагаж мөрдөхийг шаардаагүй. Харин аливааг эргэцүүлж, тунгааж байж мөрдөхийг зөвлөдөг. Тиймээс Бурханы шашинд зөв амьдрах аргыг нь зааж өгдөг. Бурханы шашны аврах, аврагдах зарчим бусад зарим шашнаас ялгаатай. Хэрэв бусад зарим шашинд хүн хүсээд, итгэх л юм бол аврагдана гэж сургадаг бол харин Бурханы шашинд хүн хэчнээн аврагдая гэж бодсон ч үйлийн үр байвал аврагдах боломжгүй. Тиймээс л өнөөгийн монголчууд бид сайн юм хийвэл сайн үр дагавартай, муу юм хийвэл муу үр дагавартай, бид нэгнээсээ хамааралтай гэдгээ ухаарвал манай нийгэм сайн сайхан болох учиртай. Нэг нэгнээ хүндэлдэг, бусдын эрх ашгийг эрхэмлэдэг үзэл Бурханы шашны сургаалыг зөв ухаарсан цагт бий болно гэж сургаж байлаа.
Үнэхээр нийслэлийнхэн бид нэг нэгнээсээ хамааралтай гэдгээ мартсан мэт амьдардаг. Бүгд л “би, би”, “надад, надад” гэсээр ээлж ээлжээрээ таггүй траншейнд унаж үхэцгээх нь. Ер нь зөвхөн онгорхой траншей ч биш ер бүх юманд монголчуудын хувиа хичээсэн, мунхаг чанар харагддаг билээ. Нэг нэгэндээ зам тавьж өгдөггүй. Оочерлож чаддаггүй. Баярлалаа гэж хэлдэггүй. Энэ бүхэн “би бусдаас хамааралгүй тусгай хүн” гэдэг бодлоос бий болсон. Хэрэв монголчууд хамаг юмс харилцан хамааралтай гэдэг Буддын шашны сургаалыг зөв ухаарч, мэддэг бол ядахнаа ухсан нүхээ тойруулаад хашлага бариад, хүн амьтан унаж гэмтэхээс сэргийлэх л байсан. Гэтэл тэгдэггүй нь даанч харамсалтай… Энэ бүхнээс харахад Бурханы шашныг ард иргэддээ зөв ойлгуулж, нийгмээ хүнлэг, соёлтой болгоход ашиглах нь их чухал гэдэг нь тодорхой.
“Бидний амьдрал аль нэг далдын ид шидээс хамаарах биш харин өөрсдөөс маань хамаарна. Тиймээс зовлонгын шалтгааныг өөрөө өөрөөсөө л хайх чухал. Ерөөсөө л харилцан хамаарал, зүй тогтолын үүднээс жаахан ухаж үзэхэд л бусдыг хүндлэх надад ашигтай юм байна гэдгийг ойлгоно. Машин жолоодоод эам дээр явахад дүрэм журмаа мөрдөөд, нэг нэгэндээ зам тавиад сурчихвал эргээд энэ үйлдэл нь өөрт нь ашигтай болно гэдгийг харилцан хамаарал, зүй тогтолын үүднээс ч батлагдана” гэж Д.Нямсамбуу нотолж байна.
Түүний хэлсэн маргашгүй үнэн билээ. Монголчууд буян хийнэ гэдгийг өдөр тутмын амьдралаасаа тустай, хааяа нэг дотны хүн нас барахад хийдэг зүйл гэж ойлгоно. Гэтэл тийм биш. Хүн унаад гэмтэж бэртчих вий гээд траншейны тагыг таглахад ч гэсэн буян болно. Мөн ядарсан хүнд автобусанд суудал тавьж өгвөл ч буян болно. Тиймээс ч Бурхан багш “Буян хийвэл амар амгаланг олно” гэж айлджээ. Харин өнөөгийн монголчууд бидэнд хийсэн үйлдэл маань хамаагүй. Харин том мундаг ламд очоод л “бүх юмаа аргалуулах” хангалттай байдаг. Энэ бол буруу гэдгийг гавж Д.Нямсамбуу бас хэллээ.
“Буддын шашинд ид шид гэмээр зүйл бий. Гэхдээ энэ бол голлох хүчин зүйл болдоггүй. Ном уншуулж байгаа хүмүүсийг Бурхан багшийн айлдаагүйг хийлээ гэвэл туйлшрал. Мөн Бурхан багшийн хий гэснийг хийж байна гэвэл бас туйлшрал. Миний бодлоор бол бид голлох хүчин зүйлээ, гишүүн хүчин зүйлээр л солиод байна даа” гэж Д.Нямсамбуу хэлээд Бурханы шашны цөм бол хүн өөрөө өөртөө аврал гэдэг сургаалд л оршино. Аливаа ид шид бол хэзээ ч Бурханы сургаалын гол цөм нь байгаагүй гэв.
Далай лам мөн ч үүн лүүгээ агаар нэг сургаал айлдаж байсан. Тэрбээр Бурханы шашны талаар мэдлэгтэй байх нь хоосон сүсэгтэй байхаас чухал шүү. Бурханы шашны талаар ч ямар ч мэдлэггүй байж, өвдөж шаналахаараа л сүм хийдэд очих нь XXI зууны Буддын шашинтанд тохирохгүй. Ганжуур, Данжуур бол Бурханы шашны сургаал. Ганжуур, Данжуурыг хүн бүр уншиж, амьдрал ахуйдаа хэрэглэдэг байх ёстой. Ганжуур, Данжуур зөвхөн сүм хийдэд л байх ёстой ном судар биш гэж айлдсан билээ.
Д.Нямсамбуу, “Хүн төрөлхтний мэдлэг, хувь хүний мэдлэг хоёр адилхан шахам байсан үе бий. Хүй нэгдлийн үед нэг гэрийн эзэн арслан заан, барыг яаж агнах уу, арьсыг нь яаж элдэх үү гэдгийг л мэддэг байхад хүн төрөлхтний мэдлэгийн хязгаарт хүрлээ гэсэн үг. Харин одоо шинжлэх ухаан асар хөгжлөө. Ганцхан жишээ татахад л Бурханы шашин судлал асар гүнзгийрсэн. Одоо түүхийн шинжлэх ухаан ч мөн адил. Дэлхийн бүх цаг үеийг мэддэг хүн гэж байхгүй” гээд хэрэв эрт дээр үед Бурханы шашин сүсэгт суурилан түгдэг байсан бол одоо мэдлэгт суурилсан Бурханы шашныг түгээх цаг хугацаа болсныг онцолж байлаа.
Манай ард түмэн харьцангуй боловсорч бүгд шахам бичиг үсэгтэй болж, аливаа зүйлсийг эргэцүүлэн бодох чадвартай хүмүүс олширсон өнөө үед Бурханы шашныг онолын түвшинд ч энгийн хүмүүст тайлбарлаж, сургах ёстой гэж Д.Нямсамбуу үзэж байна.
Бурханы шашны агуулга гүн гүнзгий болохоор ард иргэддээ бүрэн ойлгуулж чадаагүйгээс тухайн нэг улсад Бурханы шашин мөхөж, буурч байсан тохиолдлууд дэлхийн түүхэнд байдаг байна. Жишээ нь, эртний Энэтхэгт хаа ч байгаагүй, Бурханы шашны алдартай Наланда гэдэг том сургууль байжээ. Наланда сургуулийн эрдэмтэн багш нар Бурханы шашны оргилд хүрч, янз бүрийн ид шидийг эзэмшин, сургууль дотроо нисч явдаг байсан гэж домогт гаргадаг гэнэ. Гэтэл муслим шашны эзлэгчид Энэтхэгийг эзлэн Наланда сургуулийг устгахад Бурханы шашин Энэтхэгт бараг үлдээгүй ажээ. “Зөвхөн оройг нь тайрчихад л Бурханы шашин ард түмний дунд үлдээгүй. Бурханы шашин хэтэрхий онолын түвшинд хөгжиж, энгийн ард түмэнд ойлгомжгүй, байснаас болж энэ явдал болсон” гэж Д.Нямсамбуу ярьж байлаа.
Тиймээс ч нэгэнт л монголын ард түмний соёл, ахуйд бүрэн шингэж, салгахын аргагүй болсон энэ шашнаа улс орныхоо хөгжилд тустайгаар зөв дэлгэрүүлж, хөгжүүлэх нь өнөөгийн шашны зүтгэлтнүүдийн өмнө тулгарсан том сорилт гэж тэрбээр үзэж байна.
Сүсэгт тулгуурлаж түгээсэн Бурханы шашны өнгөрсөн зуунд үүргээ гүйцэтгэжээ. Шашин шүтэхийг хориглосон ХХ зуунд ард түмэн “элгээрээ” Бурханы шашнаа үгүйлсээр, бүрмөсөн марталгүй өнөө үед ирсэн байна. Харин одоо Бурханы шашныхаа талаар мэдлэгтэй, зөв ойлголттой энгийн иргэдийг хүмүүжүүлэх нь нийгмийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна. Тэгээд ч Бурханы шашин бол орчин үеийн хүн төрөлхтний оюуны нэгэн их өв. Үүний талаар орчин үеийн хүн заавал мэддэг байх ёстой. Өнөөгийн хэт материалист, хэрэглээний нийгэмд Бурханы шашин “материализмын хэт халалтыг хөргөж, дотоод сэтгэлийн амар амгаланг олоход нь туслана” гэж Д.Нямсамбуу салахынхаа өмнө хэллээ.
Үнэхээр сүүлийн үед уул уурхайн хөгжлийн сөрөг үр нөлөөг нь багасгахын тулд манай улстөрчид төдийгүй ард иргэд ногоон хөгжил, тогтвортой хөгжил гэж их ярих болсон. Байгаль дэлхийгээ баяжихийн тулд сөнөөчихвөл ирээдүйд яаж хөгжих билээ. Тэр утгаараа тогтвортой хөгжлийн үндэс бол ногоон хөгжил юм. Үүнтэй нэгэн адил материализмын “хэт халалтын” үед ард түмний сэтгэлийг тайтгаруулж тогтвортой хөгжлийн үндсийг хангах бас нэг чухал хүчин зүйл бол Бурханы шашин. Бурханы шашин материализмын хэт халалтыг баланслуулж, монголчуудын сэтгэлийг чиг, зорилготой болгоход тусална. Тийм учир бид Бурханы шашныг зөв ашиглаж, нийгмээ хувь хүнээрээ, “өөрөө өөрсдөөрөө” дамжуулан хөгжүүлэх нь зөвхөн шашны зүтгэлтэн бус мөн бүх л хүн ардын үүрэг билээ.

Эх сурвалж:
http://mongolchuud.blogspot.com/2011/11/blog-post.html

Wednesday, April 3, 2013


БЭДЭН ЯВАГЧ ШАГШААБАД САХИСНЫ ГУРАВДУГААР ЗҮЙЛ
Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгууч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн баясгалант хүрээнд суун бөлгөө. Тэр цагт шөнө дөлийн урьдхан хоёр тэнгэр Бурханы дэргэд ирлээ. Тэр тэнгэрийн бие дэхь гэрлээр Ялгууч хан хөвгүүний цэцэрлэгийг алтны өнгө лүгээ адил гийгүүлэв. Тэр хоёрт Ялж төгс нөгчсөн Бурхан ямарваа богдсын номыг үзүүлснээр сэтгэл нь маш алдраад хоёул бодь хутгийн үрийг олоод тус нь бүтэж бүрүүн, Ялж төгс нөгчсөн Бурханы хөлд тэргүүнээрээ мөргөөд тэнгэрийн оронд харив. Үүр гийхэд сац Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив:
“Бурхан аа! Энэ шөнө хоёр тэнгэр ирээд Ялж төгс нөгчсөн Бурхан чамайг хүндлээд тэр хоёрын гэрлээр хамаг хотол ордыг үзэсгэлэнтэйеэ гийгүүлэв. Тэр хоёр тэнгэр нь эрт ямар үйл үйлдсэнээр тийм болов?” хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад ийн хэмээн зарлиг болов:
“Эрт Гашиб[1] Бурхан нирваан болж богдсын ном эцлэхүй ойртсонд хоёр бярман нэгэн хоногийн найман үест санваар[2]-ыг авч сахиад нэг нь «Тэнгэр болон төрөх болтугай» хэмээн хутаг гуйв. Нэг нь «Хаан болон төрөх болтугай» хэмээн хутаг гуйгаад харьж ирсэнд түүний эм нь үдшийн идээ өгсөнд тэр бярман өгүүлрүүн:
“Би Бурханы номоос үдшийн идээ үл идэхийн санваарыг авсан бөлгөө” хэмээн өгүүлсэнд эм нь өгүүлрүүн:
“Чи бэдэн явагч бярман буй за. Бидэнд номын шагшаабад[3] буй бөгөөтөл юуны тул бус багшаас санваарыг авав. Хэрвээ чи эм лүгээ хамт идээ үл идэх бөгөөс чиний өгүүлсэн ёсоор үл яван бусад бэдэн явагч лугаа ханьцаж чамтай хамт суухгүй” хэмээн өгүүлсэнд тэр бярман ихэд айн цочоод эмтэйгээ хамт цаг бусын идээ идэв.
Тэр хоёр бярман насны цагт хүрээд өөр өөрийн оронд нөгчсөнд хаан төрийг хүсэж санваар сахисан тэр бярман нь хаан болон төрөв. Тэнгэрийн дүрийг хүсэж санваар сахисан тэр бярман санваараа эвдсэний тул нэгэн нага[4] болон төрөв. Тэр цагт хааны жимс идээний хүрээг сахигч нэгэн хүн өдөр бүр элдэв жимс идээг хаанд хүргэх бөлгөө. Хойно нэгэн цагт тэр хүн нэгэн булгийн дотроос сайн үнэрт, өнгө сайт тийм нэгэн алим олсонд тэр хүн ийм хэмээн сэтгэрүүн: «Би жимс хүргээд нааш цааш одохуйд хаалгач хаалгыг хааж зоргоор минь үл илгээмүй. Энэ алимыг тэр хаалгачид өгсүгэй» хэмээн сэтгэж хааны хаалгачид өгөв. Хаалгач тэр жимсийг аваад ийн хэмээн сэтгэмүй. «Би өөрийн хэргийн тулд нааш цааш явахуйд дотоод хаалгач хаалга хааж миний зоргоор үл илгээмүй. Энэ алимыг дотоод хаалгачид өгсүгэй» хэмээн сэтгээд дотоод хаалгачид өгөв. Дотоод хаалгач түүнийг аваад хатанд өргөн барив. Хатан нь хаанд өргөн барив. Хаан тэр алимыг зооглосонд маш амттай болоод үлэмж үнэрт болсонд хаан хатнаас:
“Энэ алимыг хаанаас олов?” хэмээн асуусанд хатан бээр олсон шалтгааныг хаанд өчвөөс нэгэн нэгнээ эшилж, эцэст жимсний хүрээг хадгалсан хүнээс авсныг мэдэж хаан тэр хүнийг дуудаж ирүүлээд ийн хэмээн зарлиг болруун:
“Миний жимсний хүрээнд ийм сайн жимс буй атал надад үл өгөн бусдад өгөх чинь юун?” хэмээсэнд тэр хүн урьд олсон шалтгаанаа хаанд өчив. Хаан зарлиг болруун:
“Үүнээс хойшид онц ийм алимыг авчир” хэмээсэнд төдий тэр хүн маш айн эмээгээд хаанд ийн өчрүүн:
“Ай эзэн минь! Тэр хүрээнд тийм жимс үгүй буй за. Тэр жимсийг би нэгэн булгийн дотроос оллоо. Өдгөө тийм жимс надад үл олдмуй” хэмээв. Хаан зарлиг болруун:
“Чи тийм жимсийг үл олох бөгөөс биеийг чинь хэсэг хэсэг огточмуй” хэмээсэнд тэр хүн маш айн эмээгээд гэртээ харьж ирээд гашуун зовлонт болж их дуунаар уйлсанд, нэгэн нага лус сонсож нэгэн хүн болон хувилаад тэр хүний дэргэд ирж:
“Ай хүн! Чи ийм их гашуун зовлонгоор уйлах юуны шалтгаан буй?” хэмээн асуусанд тэр жимс сахигч хүн хэр болсон шалтгаанаа дэлгэрэнгүй өгүүлсэнд тэр нага лус үл үзэгдэн одоод үл удан нэгэн алтан тэвш дүүрэн жимс авч ирээд тэр хүнд өгөөд ийн өгүүлрүүн:
“Ай хүн, чи энэ жимсийг авч одоод хаанд өргөж миний эдгээр үгийг хаанд ийн өчтүгэй! «Хаан, чи бид хоёр ураг бөлгөө. Чи бид хоёр урьд төрөлд бэдэн явагч бярман бөлгөө. Бид хоёр нэгэн хоногийн санваарыг авч сахиад өөр өөр хутаг гуйж бөлгөө. Хаан чи санваараа алдалгүй сахисны тул хаан болон төрөв. Би санваараа хадгалж эс чадсан учир нага лус болон төрөв. Өдгөө санваар сахиад биеэс тонилохыг хүсмүй. Хаан чи нэгэн хоногийн найман үест санваарыгсахих хөлгөн судрыг надад өгч илгээн соёрх. Хэрвээ үл соёрхох бөгөөс хаан чиний улсыг далайн усаар авхуулмуй»” хэмээн үгсээ өчин илгээсэнд төдий тэр жимс сахигч хүн тэр жимсийг авч одоод хаанд өргөн түүний үгсийг хаанд дэлгэрэнгүй өчсөнд хаан маш айж, үл баясан ийн хэмээн сэтгэмүй: «Өдгөө энэ ертөнцөд Бурхан үл сууж богдсын номыг эцэлж үгүй бөгөөтөл нэгэн хоногийн найман үест санваарын бичгийг хаанаас олмуй. Түүний тусыг эс бүтээвээс усаар улсыг минь магад авмуй» хэмээн сэтгэл нь маш зовж тэр хаан нь их түшмэлдээ ийн хэмээн зарлиг болруун:
“Ай түмшэл ээ! Нэгэн нага лус надаас нэгэн хоногийн санваарын номыг гуйж ажгуу. Түүнийг чи хичээж эрээд өгтүгэй! ” хэмээн зарлиг болсонд түшмэл өчрүүн:
“Ертөнцөд номгүй бөгөөтөл би түүнийг хаанаас олмуй?” хэмээн өчвөөс хаан нь тэр түшмэлд:
“Түүнийг эс олвоос чамайг магад алмуй” хэмээн зарлиг болсонд тэр түшмэл маш айн эмээгээд өөрийн гэртээ одоод маш зовон сууж бүхийд тэр түшмэлд маш өтлөсөн эцэг буй ажгуу. Тэр өвгөн ийн сэтгэрүүн: «Урьд миний энэ хөвгүүн инээмсэглэн царай нь өнгөтэй бөлгөө. Өдгөө хөвгүүн минь царай юугаан хорхойж маш зовж суун ажгуу. Энэ юуны шалтгаан болов» хэмээн хөвгүүнээсээ асууваас хөвгүүн нь эцэгтээ хааны зарлиг ёс шалтгааныг дэлгэрэнгүй өгүүлсэнд эцэг нь өгүүлрүүн:
“Ай хөвгүүн минь! Гэр дэхь нэгэн тулах баганад насад, үргэлжид гэрэл бадармуй. Түүний дотор юу буйг үзэгтүн! ” хэмээн өгүүлсэнд төдий тэр түшмэл тулах баганыг хагалсанд түүний дотор нь арван хоёр шүтэн барилдуулснаас болсон судар[5] ба нэгэн хоногийн найман үест санваарын хөлгийн ном гарсанд төдий тэр түшмэл маш баясаад авч одоод хаанд өгвөөс хаан маш ихэд баясаж, тэр бичгийг алтан хуурцагт дүрж, тэр нага лусад өгч илгээв. Нага лус түүнийг аваад маш баясаж тэр их хаанд олон эрдэнэсийг өргөв. Тэр нага лус бээр нэгэн хоногийн санваарыг сахиад бусдыг ч сахиулсанд тэндээс төрөл егүүтгэж тэнгэрийн хөвгүүн болж төрөв. Тэр хаан бээр номын ёсоор шагшаабадыг сахисны тул төрөл егүүтгэж түүн лүгээ хамт тэнгэрийн газар төрөв. Ананд аа! Энэ шөнө дөлийн урьд миний дэргэд ирээд би ямарваа номыг үзүүлсэнд тэр хоёр тэнгэр үргэлжид орсны үрийг[6] олоод гурван муу заяа[7]-наас огоот хагацаад тэнгэр хүний эд таваарыг эдлэн жаргаж эцэст нирвааны хутгийг ч олъюу. ” Ялж төгс нөгчсөн Бурхан тийн хэмээн зарлиг болсонд хамаг нөхөд нь илт баясан бишрэв.


[1]Гашиб Бурхан- Годам Бурханаас өмнө хүний ертөнцөд заларсан Бурхан. Амьтан хоёр түм наслах үед ирсэн гэдэг домогтой.
[2]Нэгэн хоногийн найман үест санваар- Амь таслах, эс өгснийг авах, ариун бусаар явах, худал өгүүлэх, архи уух, өндөр суудалд суух, дуулах, хөгжимдөх, үдшийн зоог барих тэргүүтнийг нэгэн өдөр тэвчих сахил.
[3]Шагшаабад- (са: Шила, мо: ёс цааз) Лам хувраг хүний даган мөрдөх сахил.
[4]Нага- (са: нага, мо: лус) Лус.

[5]Арван хоёр шүтэн барилдуулснаас болсон судар- Мунхаг, хуран үйлдэх, тийн мэдлийн үе гишүүн орчлонд тусах, нэр дүрсийн үе гишүүн, төрөн түгэхүй, мэдрэхүй, хүрэлцэхүй, шунан тачаах, авах, орших, төрөхүй, өтлөх үхэх тэргүүтэн зовлонгийн уг шалтгааныг 12 шүтэн барилдлагаар өгүүлсэн судар.
[6]Үргэлжид орсны үр- Бодьсатвын мөрт орох дөрвөн үрийн нэг бөгөөд гэгээрэх мөрт нэгэнт орж үрийг олсон гэсэн утгатай.
[7]Гурван муу заяа- Там, бирд, адгуусны төрөл авахыгхэлнэ. 

Saturday, March 23, 2013


ҮЛГЭРИЙН ДАЛАЙ

ИХ АМЬТАН НЭРТ ХАН ХӨВГҮҮН ӨЛӨГЧИН БАРСАД БИЕЭ ӨГСӨН ХОЁРДУГААР ЗҮЙЛ
Иин хэмээн сонссон миний нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун[1] балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн[2] хотол баясгалангийн хүрээнд суун бөлгөө. Тэр цагт Ялж төгс нөгчсөн Бурхан бинваад[3] идээнд одохуй цагт хүрсэнд хормогч ба номт дээл өмсөөд бадар аяга[4] барьж Ананд[5] лугаа бинваад гуйхаар одов. Тэр цагт балгасан дахь нэгэн эмгэн хүмүүнд хоёр хулгайч хөвгүүн бөлгөө. Тэр хоёр хулгайчийг эдийн эзэн бариад засгийн ноёны дэргэд аваачиж үгий нь аваад хүлж алах газар авч одтол тэр хулгайчийн эх нь Ялж төгс нөгчсөн Бурханыг холоос үзээд түүний зүгт мөргөөд:
“Ай тэнгэрийн тэнгэр Бурхан! Их нигүүлсэхүй сэтгэлээр миний энэ хоёр хөвгүүний амийг авран соёрх! ” хэмээн холоос залбирсанд Ялж төгс нөгчсөн Бурхан холоос сонсож их нигүүлсэхүй сэтгэлээр өршөөж тэдний амийг аврахын тулд Анандад зарлиг болруун:
“Ананд аа! Чи хаанд одож энэ хоёрын амийг гуйтугай! ” хэмээн зарлиг болсонд төдий Ананд одоод хаанд өчвөөс хаан нь Бурханы зарлигаар тэднийг тавив. Тэдгээр хоёр хүн Бурханы өршөөн аварсанд маш баясаж бүрүүн Бурхан хаана бүхий тэнд хүрээд оройгоороо хөлд нь мөргөөд алгаа хамтатгаж ийн хэмээн өчив:
“Ялж төгс нөгчсөн Бурхан аа! Их нигүүлсэхүйгээр бидний амийг аварсан нь таны ач буй за. Ай тэнгэр хүний дээдманлай их нигүүлсэхүй сэтгэлээр биднийг тойн болгон соёрх! ” хэмээн өчсөнд Ялж төгс нөгчсөн Бурхан:
“ Сайн, сайн” хэмээн сайшаасанд даруй тэдний сахал үс нь өөрөө унаж тойн болоод улбар дээлт болов. Тэдгээр нь маш чин бишрэлт болоод Ялж төгс нөгчсөн Бурхан ямарваа номыг үзүүлснээр тоос ба хирийг арилгаад дайныг дарсны хутгийг[6] олов. Тэр хоёр хулгайчийн эх бээр номыг сонссоноор нэгэнт харин үл ирэгчийн хутгийг[7] олов. Тэр цагт тийм гайхамшигт болсныг Ананд үзэж бүрүүн. Түүнчилэн ирсэн Бурханы[8] эрдмийг:
“Тийм цаггүй ажгуу” хэмээн магтаад бас ийн хэмээн сэтгэрүүн «Энэ эх хөвгүүн гурвуул ямар сайн үйл үйлдсэнээр Ялж төгс нөгчсөн Бурхан лугаа учирч их гэмээс тонилоод нирвааны хутгийг олж бүрүүн. Нэгэн биед туст ийм сайн жаргалан олсон нь маш сайн болой» хэмээн сэтгэсэн сэтгэлийг Ялж төгс нөгчсөн Бурхан ухаж Анандад ийн хэмээн зарлиг болов:
“Ананд аа! Энэ эх хөвгүүн гурвуулыг би гагцхүү өдгөө авасан бус буюу за. Эрт нөгчсөн цагт ч эднийг авран тэтгэсэн бөлгөө” хэмээв. Ананд Бурханд ийн хэмээн өчив:
“Бурхан аа! Эрт нөгчсөн цагт эх хөвгүүн гурвуулыг хэрхэн аварсан ёсыг номлон соёрх! ” хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад зарлиг болруун:
«Эрт тоо томшгүй нөгчсөн галвын урьд Замбутивд Их тэрэг нэрт хаан бөлгөө. Тэр хаанд харьяат мянган тоот өчүүхэн хаад буюу. Гурван хөвгүүн буюу. Их хөвгүүн нь Маханада нэрт буюу. Дунд хөвгүүн нь Махадэва нэгт буюу. Отгон хөвгүүн нь Махасатва нэрт буюу. Тэр отгон хөвгүүн нь өчүүхнээс асрахуй, нигүүлсэхүй сэтгэлт болоод хамаг бүгдийг ганц хөвгүүн лүгээ адил сэтгэмүй. Тэр цагт тэр хаан, ноёд түшмэд, хатад сэлтээр ой уулыг гайхахаар үзэн одоод суун бүхийд гурван хөвгүүн бээр ой дотор гайхахаар одсонд нэгэн барс зулзагалсан тул маш өлсөн ундаасч зулзагаа идэхээр завдахыг үзэж төдий отгон хөвгүүн нь хоёр ахдаа ийн өгүүлрүүн:
“Ай хоёр ах минь! Энэ өлөгчин барс өлгүй болсноор зулзагаа идмүй” хэмээн өгүүлсэнд хоёр ах нь өгүүлрүүн:
“Энэ барс маш өлссөнөөр магад зулзагаа идмүй за” хэмээн өгүүлсэнд бас отгон хөвгүүн нь хоёр ахдаа өгүүлрүүн:
“Энэ барсын идэш нь юун?” хэмээн асуусанд хоёр ах нь өгүүлрүүн:
“Аливаа шинэ алсан амьтны нойтон мах цус бөгөөс барсын идэш буюу за?” хэмээн өгүүлсэнд бас отгон хөвгүүн өгүүлрүүн:
“Хэн өөрийн мах цусаар үүний амийг авран чадмуй?” хэмээн асуусанд хоёр ах нь өгүүлрүүн:
“Тийм маш бэрх үйлээр үүний амийг хэн авран чадмуй” хэмээн өгүүлвээс төдий отгон хөвгүүн нь ийн хэмээн сэтгэмүй «Би өнө орчлонд орчиж амь биеэ тоо томшгүй хор хомс болголоо. Заримд нь тачаангуй тул, заримд нь урины(уур) тул, заримд нь мунхагийн тулд гавьяа тусгүй болгосон буюу за. Номын тулд өглөг өгөх орон лугаа эс учирч бөлгөө. Өдгөө гавьяа тус болгохын тулд биеэ үүнд өгсүгэй! » хэмээн сэтгэж бүрүүн. Төдий гурвуул харьж ирэхүй зуур отгон хөвгүүн нь хоёр ахдаа ийн хэмээн өгүүлрүүн:
“Та хоёр урьдханаа явтугай. Би өөрийн нэгэн үйлийн тул ойд одоод хэргээ бүтээж үтэр ирсүгэй” хэмээн өгүүлээд тэр мөрөөр өлөгчин барс хаана бүхий тэр зүгт хүрээд барсын өмнө хэвтсэнд барс ам нь зуурч идэн эс чадав. Төдий хан хөвгүүн нь нэгэн хугархай модоор биеэ хатгаж цус гаргасанд барс бээр цусыг нь долоогоод амаа нээн чадаад бие дэхь махыг нь бартал идэв. Өнө удсанд хоёр ах нар нь:
“Лүү маань удав. Юуны шалтгаан болов” хэмээн хэлэлцээд мөнхүү тэр мөрөөр эрэн одтол ийн сэтгэрүүн: «Дүү минь магад биеэ өлссөн барсад өгөхийн тул одсон буй за» хэмээж тэр барсын дэргэд хүрсэнд хөвгүүнийг барс идэж яс нь цайж бүхийг үзээд биеэ хөсөр дэлдэн үхэтхийв. Түр болоод амьдарч их дуунаар өгүүлэн хөсөр хөрвөн басхүү үхэтхийв.
Тэр цагт их хатан нь ийн зүүдлэрүүн: Гурван хүүрзгэнэ нь хотол наадаж нисэн явтал нэгэн өчүүхнийг нь харцага барьсныг зүүдлээд сац сэрмэгц маш айн эмээгээд хаанд өчрүүн:
“Ай их хаан! Хуучин үгэнд хүүрзгэнэ шувуу хөвгүүний сүнс буй хэмээн сонслоо. Би хоромхон унтсанд зүүдэнд минь гурван хүүрзгэнэ наадаж яван атал нэгэн өчүүхэн хүүрзгэнийг харцага авч одсоныг зүүдлэв. Магад отгон хөвгүүнд минь муу болов за” хэмээн өгүүлээд сац хамаг бүгдийг эрэхээр илгээсэнд хором нэгэн болсонд хоёр ах нь ирээд отгон нь эс ирсэнд
“Махасатва аль?” хэмээн асуусанд хоёр ах нь юу ч өгүүлэн ядаж хором агаад:
“Барсад идэгдэв” хэмээн өгүүлвээс төдий хатан эх нь тийм муу үгсийг сонсоод сац хөсөр унан үхэтхийв. Хором нэгэн болоод сэргэн босож хамаг нөхөд сэлт бүгдээр хөвгүүний нирваан болсон тэр оронд одвоос барс хөвгүүний махыг цөмийг идэж цус нь газарт дусаж, яс нь цайж бүхийг үзээд төдий хатан эх тэргүүнээс нь бариад, хаан нь гараас барьж их дуугаар уйлаад үхэтхийн унав. Тэр Махасатва хөвгүүн нь тэндээс үхээд сац Төгс баясгалангийн оронд[9] тэнгэрийн хөвгүүн болон төрөв. Тэр тэнгэрийн хөвгүүн нь: «Би ямар сайн үйл үйлдсэнээр энд төрөв» хэмээн сэтгээд тэнгэрсийн нүдээр таван заяанд[10] шинжлэн үзвээс өөрийн үхсэн яс нь нэгэн ойн дотор байх бөгөөд эцэг эх тэргүүлэн хамаг нөхдөөр хүрээлж их дуунаар энэлэн гаслахыг үзээд тэр тэнгэрийн хөвгүүн ийн сэтгэрүүн: «Миний тэр эцэг эх хоёр нь миний тул маш их зовбоос бие насанд нь тотгор болмуй за. Тэдний сэтгэлийг сэргээхийн тулд одсугай би» хэмээн сэтгэж төдий огторгуйд байж элдэв зүйл сайн үгсээр эцэг эх хоёрын сэтгэлийг сэргээв. Эцэг эх хоёр нь огторгуйд дээш үзээд:
“Ай тэнгэр чи хэн бэ?Манд зарлиг болтугай! ” хэмээн өгүүлсэнд тэр тэнгэрийн хөвгүүн өгүүлрүүн:
“Би таны хөвгүүн Махасатва буюу за. Би өөрийн биеэ өлөгчин барсад өгсний ачаар Төгс баясгалант орондахь тэнгэрийн хөвгүүн болон төрөв. Ай хаан эцэг, хатан эх минь, та бүгд сонс! Заяасны эцэст магад эвдэрмүй за. Төрвөөс магад үхэх буй. Нүгэлт хилэнц үйлдвээс амьтан тамд унаюу. Буян үйлдвээс дээд сайн төрөлд төрьюү. Ер төрөх ба үхэх нь хамаг бүгдэд буюу атал ганцхан миний тулд та бүгдээр маш ихэд бүү зовтугай. Би энэ мэт сайн төрөл олсонд та нар ч даган баясалцаад буяны зүгт хичээтүгэй! Өөгүй гашуун зовлон юун хэрэг” хэмээн өгүүлсэнд эцэг эх хоёр өгүүлрүүн:
“Ай хөвгүүн чи! Их нигүүлсэхүй сэтгэлээр биеэ барсад өгөөд хамаг бүгдийг нигүүлсэхүй буй л бөгөөс өдгөө биднийг тэвчээд үгүй болсонд бид чамайг санажмахаа огтолсон мэт зовон атал, ай их нигүүлсэгч чи маныг юуны тул тэвчмүй?” хэмээв. Төдий бас тэр тэнгэрийн хөвгүүн элдэв сайн үгээр эцэг эх тэргүүтэн бүгдийг сэргээсэнд эцэг эх нь өчүүхэн сэргээд долоон зүйл эрдэнэсээр авдар хийж ясы нь тэр авдар дотор оруулж газарт нуугаад дээр нь суварга босгов. Тэнгэрийн хөвгүүн ч орондоо харив. Хаан хатан нөхөд сэлт бүгдээр орд харшдаа ирэв. Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад ийн зарлиг болруун:
“Ананд аа! Чи тэднийг юун хэмээн сэтгэмүй. Тэр цагт тэр учир дахь Их тэрэг нэрт тэр хаан нь өдгөө дэхь миний эцэг Судадана хаан, хатан нь Махамай хатан, их хөвгүүн Маханада нь Майдар[11], дунд хөвгүүн Махадэва нь хэмээвээс Васумитра, отгон хөвгүүн Махасатва нь өдгөө би буюу. Тэр цаг тэр учир дахь барсын зулзага нь энэ хоёр хүн буюу за. Би эрт цагт ч эднийг тотгороос тонилгоод амийг аварч жаргаланд оршуулсан бөлгөө. Өдгөө би бээр илт Бурханы хутгийг олоод эднийг тотгороос тонилгоод орчлонгийн их зовлонгоос огоот хагацууллаа” хэмээн зарлиг болсонд Ананд ба олон нөхөд бээр Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг сайшаан бишрээд илт баясав.


[1]Ширавасун балгас-Годам Бурханы сууж байсан эртний Энэтхэгийн Кошала улсын нийслэл. Орчин үеийн Сарнатх хот.
[2]Итгэлгүй идээн өглөгт-Годам Бурханы өглөгийн эзэн гэрийн эзний нэр.
[3]Бинваад-(Са: Пайндапаатика) Өглөгийн эздийн өгсөн идээ буюу бадар барьж олсон идээний нэр.
[4]Бадар аяга-(Са: Патра. Мо: Унасныг тосох) Лам хуврага нарын биедээ авч явж өглөг тосох аяга.
[5]Ананд-(Са: Ананда, Мо: Хотлыг баясгагч)Годам Бурханы дотны шавийн нэр.
[6]Дайныг дарсны хутгийг олох- Их хөлгөний ёсонд нисваанисын уг шалтгааныг дарж, Бодьсатвын мөрт орохыг хэлнэ
[7]Нэгэнт харин үл ирэгчийн хутаг- Дахин төрөл авах хүлээснээс ангижирч нирваан болох мөрт буцалгүй орох.
[8]Түүнчлэн ирсэн Бурхан- (Са: Тадхагата) Годам Бурханы илт өгүүлэх нэр.
[9]Төгс баясгалангийн орон (са: тушита) Ирэх цагийн Бурханы оршиж хотол жаргаланг эдлэх орон. Тэнд оршигчид дөрвөн мянган жил наслах бөгөөд тэнгэрийн орны нэгэн өдөр хүний дөрвөн зуун жилтэй тэнцэх ажээ.
[10]Таван заяанд шинжих” хан хөвгүүн тэнгэрийн оронд төрсөн учир тэнгэрийн орноос бусад төрөл (асури, хүн, адгуус, бирд, тамын)”ийг таван төрлийг шинжсэн гэсэн утгатай байна.
[11]Майдар- (са: Майтреяа) Шигэмуни Бурханы дараа ертенцөд залрах ирээдүй цагийн Бурхан.