Saturday, March 23, 2013


ҮЛГЭРИЙН ДАЛАЙ

ИХ АМЬТАН НЭРТ ХАН ХӨВГҮҮН ӨЛӨГЧИН БАРСАД БИЕЭ ӨГСӨН ХОЁРДУГААР ЗҮЙЛ
Иин хэмээн сонссон миний нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун[1] балгас дахь Ялгуугч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн[2] хотол баясгалангийн хүрээнд суун бөлгөө. Тэр цагт Ялж төгс нөгчсөн Бурхан бинваад[3] идээнд одохуй цагт хүрсэнд хормогч ба номт дээл өмсөөд бадар аяга[4] барьж Ананд[5] лугаа бинваад гуйхаар одов. Тэр цагт балгасан дахь нэгэн эмгэн хүмүүнд хоёр хулгайч хөвгүүн бөлгөө. Тэр хоёр хулгайчийг эдийн эзэн бариад засгийн ноёны дэргэд аваачиж үгий нь аваад хүлж алах газар авч одтол тэр хулгайчийн эх нь Ялж төгс нөгчсөн Бурханыг холоос үзээд түүний зүгт мөргөөд:
“Ай тэнгэрийн тэнгэр Бурхан! Их нигүүлсэхүй сэтгэлээр миний энэ хоёр хөвгүүний амийг авран соёрх! ” хэмээн холоос залбирсанд Ялж төгс нөгчсөн Бурхан холоос сонсож их нигүүлсэхүй сэтгэлээр өршөөж тэдний амийг аврахын тулд Анандад зарлиг болруун:
“Ананд аа! Чи хаанд одож энэ хоёрын амийг гуйтугай! ” хэмээн зарлиг болсонд төдий Ананд одоод хаанд өчвөөс хаан нь Бурханы зарлигаар тэднийг тавив. Тэдгээр хоёр хүн Бурханы өршөөн аварсанд маш баясаж бүрүүн Бурхан хаана бүхий тэнд хүрээд оройгоороо хөлд нь мөргөөд алгаа хамтатгаж ийн хэмээн өчив:
“Ялж төгс нөгчсөн Бурхан аа! Их нигүүлсэхүйгээр бидний амийг аварсан нь таны ач буй за. Ай тэнгэр хүний дээдманлай их нигүүлсэхүй сэтгэлээр биднийг тойн болгон соёрх! ” хэмээн өчсөнд Ялж төгс нөгчсөн Бурхан:
“ Сайн, сайн” хэмээн сайшаасанд даруй тэдний сахал үс нь өөрөө унаж тойн болоод улбар дээлт болов. Тэдгээр нь маш чин бишрэлт болоод Ялж төгс нөгчсөн Бурхан ямарваа номыг үзүүлснээр тоос ба хирийг арилгаад дайныг дарсны хутгийг[6] олов. Тэр хоёр хулгайчийн эх бээр номыг сонссоноор нэгэнт харин үл ирэгчийн хутгийг[7] олов. Тэр цагт тийм гайхамшигт болсныг Ананд үзэж бүрүүн. Түүнчилэн ирсэн Бурханы[8] эрдмийг:
“Тийм цаггүй ажгуу” хэмээн магтаад бас ийн хэмээн сэтгэрүүн «Энэ эх хөвгүүн гурвуул ямар сайн үйл үйлдсэнээр Ялж төгс нөгчсөн Бурхан лугаа учирч их гэмээс тонилоод нирвааны хутгийг олж бүрүүн. Нэгэн биед туст ийм сайн жаргалан олсон нь маш сайн болой» хэмээн сэтгэсэн сэтгэлийг Ялж төгс нөгчсөн Бурхан ухаж Анандад ийн хэмээн зарлиг болов:
“Ананд аа! Энэ эх хөвгүүн гурвуулыг би гагцхүү өдгөө авасан бус буюу за. Эрт нөгчсөн цагт ч эднийг авран тэтгэсэн бөлгөө” хэмээв. Ананд Бурханд ийн хэмээн өчив:
“Бурхан аа! Эрт нөгчсөн цагт эх хөвгүүн гурвуулыг хэрхэн аварсан ёсыг номлон соёрх! ” хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад зарлиг болруун:
«Эрт тоо томшгүй нөгчсөн галвын урьд Замбутивд Их тэрэг нэрт хаан бөлгөө. Тэр хаанд харьяат мянган тоот өчүүхэн хаад буюу. Гурван хөвгүүн буюу. Их хөвгүүн нь Маханада нэрт буюу. Дунд хөвгүүн нь Махадэва нэгт буюу. Отгон хөвгүүн нь Махасатва нэрт буюу. Тэр отгон хөвгүүн нь өчүүхнээс асрахуй, нигүүлсэхүй сэтгэлт болоод хамаг бүгдийг ганц хөвгүүн лүгээ адил сэтгэмүй. Тэр цагт тэр хаан, ноёд түшмэд, хатад сэлтээр ой уулыг гайхахаар үзэн одоод суун бүхийд гурван хөвгүүн бээр ой дотор гайхахаар одсонд нэгэн барс зулзагалсан тул маш өлсөн ундаасч зулзагаа идэхээр завдахыг үзэж төдий отгон хөвгүүн нь хоёр ахдаа ийн өгүүлрүүн:
“Ай хоёр ах минь! Энэ өлөгчин барс өлгүй болсноор зулзагаа идмүй” хэмээн өгүүлсэнд хоёр ах нь өгүүлрүүн:
“Энэ барс маш өлссөнөөр магад зулзагаа идмүй за” хэмээн өгүүлсэнд бас отгон хөвгүүн нь хоёр ахдаа өгүүлрүүн:
“Энэ барсын идэш нь юун?” хэмээн асуусанд хоёр ах нь өгүүлрүүн:
“Аливаа шинэ алсан амьтны нойтон мах цус бөгөөс барсын идэш буюу за?” хэмээн өгүүлсэнд бас отгон хөвгүүн өгүүлрүүн:
“Хэн өөрийн мах цусаар үүний амийг авран чадмуй?” хэмээн асуусанд хоёр ах нь өгүүлрүүн:
“Тийм маш бэрх үйлээр үүний амийг хэн авран чадмуй” хэмээн өгүүлвээс төдий отгон хөвгүүн нь ийн хэмээн сэтгэмүй «Би өнө орчлонд орчиж амь биеэ тоо томшгүй хор хомс болголоо. Заримд нь тачаангуй тул, заримд нь урины(уур) тул, заримд нь мунхагийн тулд гавьяа тусгүй болгосон буюу за. Номын тулд өглөг өгөх орон лугаа эс учирч бөлгөө. Өдгөө гавьяа тус болгохын тулд биеэ үүнд өгсүгэй! » хэмээн сэтгэж бүрүүн. Төдий гурвуул харьж ирэхүй зуур отгон хөвгүүн нь хоёр ахдаа ийн хэмээн өгүүлрүүн:
“Та хоёр урьдханаа явтугай. Би өөрийн нэгэн үйлийн тул ойд одоод хэргээ бүтээж үтэр ирсүгэй” хэмээн өгүүлээд тэр мөрөөр өлөгчин барс хаана бүхий тэр зүгт хүрээд барсын өмнө хэвтсэнд барс ам нь зуурч идэн эс чадав. Төдий хан хөвгүүн нь нэгэн хугархай модоор биеэ хатгаж цус гаргасанд барс бээр цусыг нь долоогоод амаа нээн чадаад бие дэхь махыг нь бартал идэв. Өнө удсанд хоёр ах нар нь:
“Лүү маань удав. Юуны шалтгаан болов” хэмээн хэлэлцээд мөнхүү тэр мөрөөр эрэн одтол ийн сэтгэрүүн: «Дүү минь магад биеэ өлссөн барсад өгөхийн тул одсон буй за» хэмээж тэр барсын дэргэд хүрсэнд хөвгүүнийг барс идэж яс нь цайж бүхийг үзээд биеэ хөсөр дэлдэн үхэтхийв. Түр болоод амьдарч их дуунаар өгүүлэн хөсөр хөрвөн басхүү үхэтхийв.
Тэр цагт их хатан нь ийн зүүдлэрүүн: Гурван хүүрзгэнэ нь хотол наадаж нисэн явтал нэгэн өчүүхнийг нь харцага барьсныг зүүдлээд сац сэрмэгц маш айн эмээгээд хаанд өчрүүн:
“Ай их хаан! Хуучин үгэнд хүүрзгэнэ шувуу хөвгүүний сүнс буй хэмээн сонслоо. Би хоромхон унтсанд зүүдэнд минь гурван хүүрзгэнэ наадаж яван атал нэгэн өчүүхэн хүүрзгэнийг харцага авч одсоныг зүүдлэв. Магад отгон хөвгүүнд минь муу болов за” хэмээн өгүүлээд сац хамаг бүгдийг эрэхээр илгээсэнд хором нэгэн болсонд хоёр ах нь ирээд отгон нь эс ирсэнд
“Махасатва аль?” хэмээн асуусанд хоёр ах нь юу ч өгүүлэн ядаж хором агаад:
“Барсад идэгдэв” хэмээн өгүүлвээс төдий хатан эх нь тийм муу үгсийг сонсоод сац хөсөр унан үхэтхийв. Хором нэгэн болоод сэргэн босож хамаг нөхөд сэлт бүгдээр хөвгүүний нирваан болсон тэр оронд одвоос барс хөвгүүний махыг цөмийг идэж цус нь газарт дусаж, яс нь цайж бүхийг үзээд төдий хатан эх тэргүүнээс нь бариад, хаан нь гараас барьж их дуугаар уйлаад үхэтхийн унав. Тэр Махасатва хөвгүүн нь тэндээс үхээд сац Төгс баясгалангийн оронд[9] тэнгэрийн хөвгүүн болон төрөв. Тэр тэнгэрийн хөвгүүн нь: «Би ямар сайн үйл үйлдсэнээр энд төрөв» хэмээн сэтгээд тэнгэрсийн нүдээр таван заяанд[10] шинжлэн үзвээс өөрийн үхсэн яс нь нэгэн ойн дотор байх бөгөөд эцэг эх тэргүүлэн хамаг нөхдөөр хүрээлж их дуунаар энэлэн гаслахыг үзээд тэр тэнгэрийн хөвгүүн ийн сэтгэрүүн: «Миний тэр эцэг эх хоёр нь миний тул маш их зовбоос бие насанд нь тотгор болмуй за. Тэдний сэтгэлийг сэргээхийн тулд одсугай би» хэмээн сэтгэж төдий огторгуйд байж элдэв зүйл сайн үгсээр эцэг эх хоёрын сэтгэлийг сэргээв. Эцэг эх хоёр нь огторгуйд дээш үзээд:
“Ай тэнгэр чи хэн бэ?Манд зарлиг болтугай! ” хэмээн өгүүлсэнд тэр тэнгэрийн хөвгүүн өгүүлрүүн:
“Би таны хөвгүүн Махасатва буюу за. Би өөрийн биеэ өлөгчин барсад өгсний ачаар Төгс баясгалант орондахь тэнгэрийн хөвгүүн болон төрөв. Ай хаан эцэг, хатан эх минь, та бүгд сонс! Заяасны эцэст магад эвдэрмүй за. Төрвөөс магад үхэх буй. Нүгэлт хилэнц үйлдвээс амьтан тамд унаюу. Буян үйлдвээс дээд сайн төрөлд төрьюү. Ер төрөх ба үхэх нь хамаг бүгдэд буюу атал ганцхан миний тулд та бүгдээр маш ихэд бүү зовтугай. Би энэ мэт сайн төрөл олсонд та нар ч даган баясалцаад буяны зүгт хичээтүгэй! Өөгүй гашуун зовлон юун хэрэг” хэмээн өгүүлсэнд эцэг эх хоёр өгүүлрүүн:
“Ай хөвгүүн чи! Их нигүүлсэхүй сэтгэлээр биеэ барсад өгөөд хамаг бүгдийг нигүүлсэхүй буй л бөгөөс өдгөө биднийг тэвчээд үгүй болсонд бид чамайг санажмахаа огтолсон мэт зовон атал, ай их нигүүлсэгч чи маныг юуны тул тэвчмүй?” хэмээв. Төдий бас тэр тэнгэрийн хөвгүүн элдэв сайн үгээр эцэг эх тэргүүтэн бүгдийг сэргээсэнд эцэг эх нь өчүүхэн сэргээд долоон зүйл эрдэнэсээр авдар хийж ясы нь тэр авдар дотор оруулж газарт нуугаад дээр нь суварга босгов. Тэнгэрийн хөвгүүн ч орондоо харив. Хаан хатан нөхөд сэлт бүгдээр орд харшдаа ирэв. Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад ийн зарлиг болруун:
“Ананд аа! Чи тэднийг юун хэмээн сэтгэмүй. Тэр цагт тэр учир дахь Их тэрэг нэрт тэр хаан нь өдгөө дэхь миний эцэг Судадана хаан, хатан нь Махамай хатан, их хөвгүүн Маханада нь Майдар[11], дунд хөвгүүн Махадэва нь хэмээвээс Васумитра, отгон хөвгүүн Махасатва нь өдгөө би буюу. Тэр цаг тэр учир дахь барсын зулзага нь энэ хоёр хүн буюу за. Би эрт цагт ч эднийг тотгороос тонилгоод амийг аварч жаргаланд оршуулсан бөлгөө. Өдгөө би бээр илт Бурханы хутгийг олоод эднийг тотгороос тонилгоод орчлонгийн их зовлонгоос огоот хагацууллаа” хэмээн зарлиг болсонд Ананд ба олон нөхөд бээр Ялж төгс нөгчсөн Бурханы зарлигийг сайшаан бишрээд илт баясав.


[1]Ширавасун балгас-Годам Бурханы сууж байсан эртний Энэтхэгийн Кошала улсын нийслэл. Орчин үеийн Сарнатх хот.
[2]Итгэлгүй идээн өглөгт-Годам Бурханы өглөгийн эзэн гэрийн эзний нэр.
[3]Бинваад-(Са: Пайндапаатика) Өглөгийн эздийн өгсөн идээ буюу бадар барьж олсон идээний нэр.
[4]Бадар аяга-(Са: Патра. Мо: Унасныг тосох) Лам хуврага нарын биедээ авч явж өглөг тосох аяга.
[5]Ананд-(Са: Ананда, Мо: Хотлыг баясгагч)Годам Бурханы дотны шавийн нэр.
[6]Дайныг дарсны хутгийг олох- Их хөлгөний ёсонд нисваанисын уг шалтгааныг дарж, Бодьсатвын мөрт орохыг хэлнэ
[7]Нэгэнт харин үл ирэгчийн хутаг- Дахин төрөл авах хүлээснээс ангижирч нирваан болох мөрт буцалгүй орох.
[8]Түүнчлэн ирсэн Бурхан- (Са: Тадхагата) Годам Бурханы илт өгүүлэх нэр.
[9]Төгс баясгалангийн орон (са: тушита) Ирэх цагийн Бурханы оршиж хотол жаргаланг эдлэх орон. Тэнд оршигчид дөрвөн мянган жил наслах бөгөөд тэнгэрийн орны нэгэн өдөр хүний дөрвөн зуун жилтэй тэнцэх ажээ.
[10]Таван заяанд шинжих” хан хөвгүүн тэнгэрийн оронд төрсөн учир тэнгэрийн орноос бусад төрөл (асури, хүн, адгуус, бирд, тамын)”ийг таван төрлийг шинжсэн гэсэн утгатай байна.
[11]Майдар- (са: Майтреяа) Шигэмуни Бурханы дараа ертенцөд залрах ирээдүй цагийн Бурхан. 

No comments:

Post a Comment