БЭДЭН ЯВАГЧ ШАГШААБАД
САХИСНЫ ГУРАВДУГААР ЗҮЙЛ
Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан
Ширавасун балгас дахь Ялгууч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн
баясгалант хүрээнд суун бөлгөө. Тэр цагт шөнө дөлийн урьдхан хоёр тэнгэр Бурханы
дэргэд ирлээ. Тэр тэнгэрийн бие дэхь гэрлээр Ялгууч хан хөвгүүний цэцэрлэгийг
алтны өнгө лүгээ адил гийгүүлэв. Тэр хоёрт Ялж төгс нөгчсөн Бурхан ямарваа
богдсын номыг үзүүлснээр сэтгэл нь маш алдраад хоёул бодь хутгийн үрийг олоод
тус нь бүтэж бүрүүн, Ялж төгс нөгчсөн Бурханы хөлд тэргүүнээрээ мөргөөд
тэнгэрийн оронд харив. Үүр гийхэд сац Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн
хэмээн өчив:
“Бурхан аа! Энэ шөнө хоёр тэнгэр ирээд Ялж төгс нөгчсөн Бурхан
чамайг хүндлээд тэр хоёрын гэрлээр хамаг хотол ордыг үзэсгэлэнтэйеэ гийгүүлэв. Тэр
хоёр тэнгэр нь эрт ямар үйл үйлдсэнээр тийм болов?” хэмээн өчвөөс Ялж төгс
нөгчсөн Бурхан Анандад ийн хэмээн зарлиг болов:
“Эрт Гашиб[1] Бурхан
нирваан болж богдсын ном эцлэхүй ойртсонд хоёр бярман нэгэн хоногийн найман
үест санваар[2]-ыг
авч сахиад нэг нь «Тэнгэр болон төрөх болтугай» хэмээн хутаг гуйв. Нэг нь «Хаан
болон төрөх болтугай» хэмээн хутаг гуйгаад харьж ирсэнд түүний эм нь үдшийн
идээ өгсөнд тэр бярман өгүүлрүүн:
“Би Бурханы номоос үдшийн идээ үл идэхийн санваарыг авсан
бөлгөө” хэмээн өгүүлсэнд эм нь өгүүлрүүн:
“Чи бэдэн явагч бярман буй за. Бидэнд номын шагшаабад[3] буй
бөгөөтөл юуны тул бус багшаас санваарыг авав. Хэрвээ чи эм лүгээ хамт идээ үл
идэх бөгөөс чиний өгүүлсэн ёсоор үл яван бусад бэдэн явагч лугаа ханьцаж чамтай
хамт суухгүй” хэмээн өгүүлсэнд тэр бярман ихэд айн цочоод эмтэйгээ хамт цаг
бусын идээ идэв.
Тэр хоёр бярман насны цагт хүрээд өөр өөрийн оронд нөгчсөнд
хаан төрийг хүсэж санваар сахисан тэр бярман нь хаан болон төрөв. Тэнгэрийн
дүрийг хүсэж санваар сахисан тэр бярман санваараа эвдсэний тул нэгэн нага[4] болон
төрөв. Тэр цагт хааны жимс идээний хүрээг сахигч нэгэн хүн өдөр бүр элдэв жимс
идээг хаанд хүргэх бөлгөө. Хойно нэгэн цагт тэр хүн нэгэн булгийн дотроос сайн
үнэрт, өнгө сайт тийм нэгэн алим олсонд тэр хүн ийм хэмээн сэтгэрүүн: «Би жимс
хүргээд нааш цааш одохуйд хаалгач хаалгыг хааж зоргоор минь үл илгээмүй. Энэ
алимыг тэр хаалгачид өгсүгэй» хэмээн сэтгэж хааны хаалгачид өгөв. Хаалгач тэр
жимсийг аваад ийн хэмээн сэтгэмүй. «Би өөрийн хэргийн тулд нааш цааш явахуйд
дотоод хаалгач хаалга хааж миний зоргоор үл илгээмүй. Энэ алимыг дотоод
хаалгачид өгсүгэй» хэмээн сэтгээд дотоод хаалгачид өгөв. Дотоод хаалгач түүнийг
аваад хатанд өргөн барив. Хатан нь хаанд өргөн барив. Хаан тэр алимыг
зооглосонд маш амттай болоод үлэмж үнэрт болсонд хаан хатнаас:
“Энэ алимыг хаанаас олов?” хэмээн асуусанд хатан бээр олсон
шалтгааныг хаанд өчвөөс нэгэн нэгнээ эшилж, эцэст жимсний хүрээг хадгалсан
хүнээс авсныг мэдэж хаан тэр хүнийг дуудаж ирүүлээд ийн хэмээн зарлиг болруун:
“Миний жимсний хүрээнд ийм сайн жимс буй атал надад үл өгөн
бусдад өгөх чинь юун?” хэмээсэнд тэр хүн урьд олсон шалтгаанаа хаанд өчив. Хаан
зарлиг болруун:
“Үүнээс хойшид онц ийм алимыг авчир” хэмээсэнд төдий тэр хүн
маш айн эмээгээд хаанд ийн өчрүүн:
“Ай эзэн минь! Тэр хүрээнд тийм жимс үгүй буй за. Тэр жимсийг
би нэгэн булгийн дотроос оллоо. Өдгөө тийм жимс надад үл олдмуй” хэмээв. Хаан
зарлиг болруун:
“Чи тийм жимсийг үл олох бөгөөс биеийг чинь хэсэг хэсэг
огточмуй” хэмээсэнд тэр хүн маш айн эмээгээд гэртээ харьж ирээд гашуун зовлонт
болж их дуунаар уйлсанд, нэгэн нага лус сонсож нэгэн хүн болон хувилаад тэр
хүний дэргэд ирж:
“Ай хүн! Чи ийм их гашуун зовлонгоор уйлах юуны шалтгаан буй?”
хэмээн асуусанд тэр жимс сахигч хүн хэр болсон шалтгаанаа дэлгэрэнгүй өгүүлсэнд тэр нага лус үл
үзэгдэн одоод үл удан нэгэн алтан тэвш дүүрэн жимс авч ирээд тэр хүнд өгөөд ийн
өгүүлрүүн:
“Ай хүн, чи энэ жимсийг авч одоод хаанд өргөж миний эдгээр
үгийг хаанд ийн өчтүгэй! «Хаан, чи бид хоёр ураг бөлгөө. Чи бид хоёр урьд
төрөлд бэдэн явагч бярман бөлгөө. Бид хоёр нэгэн хоногийн санваарыг авч сахиад
өөр өөр хутаг гуйж бөлгөө. Хаан чи санваараа алдалгүй сахисны тул хаан болон
төрөв. Би санваараа хадгалж эс чадсан учир нага лус болон төрөв. Өдгөө санваар
сахиад биеэс тонилохыг хүсмүй. Хаан чи нэгэн хоногийн найман үест
санваарыгсахих хөлгөн судрыг надад өгч илгээн соёрх. Хэрвээ үл соёрхох бөгөөс
хаан чиний улсыг далайн усаар авхуулмуй»” хэмээн үгсээ өчин илгээсэнд төдий тэр
жимс сахигч хүн тэр жимсийг авч одоод хаанд өргөн түүний үгсийг хаанд
дэлгэрэнгүй өчсөнд хаан маш айж, үл баясан ийн хэмээн сэтгэмүй: «Өдгөө энэ
ертөнцөд Бурхан үл сууж богдсын номыг эцэлж үгүй бөгөөтөл нэгэн хоногийн найман
үест санваарын бичгийг хаанаас олмуй. Түүний тусыг эс бүтээвээс усаар улсыг минь
магад авмуй» хэмээн сэтгэл нь маш зовж тэр хаан нь их түшмэлдээ ийн хэмээн
зарлиг болруун:
“Ай түмшэл ээ! Нэгэн нага лус надаас нэгэн хоногийн санваарын
номыг гуйж ажгуу. Түүнийг чи хичээж эрээд өгтүгэй! ” хэмээн зарлиг болсонд
түшмэл өчрүүн:
“Ертөнцөд номгүй бөгөөтөл би түүнийг хаанаас олмуй?” хэмээн
өчвөөс хаан нь тэр түшмэлд:
“Түүнийг эс олвоос чамайг магад алмуй” хэмээн зарлиг болсонд
тэр түшмэл маш айн эмээгээд өөрийн гэртээ одоод маш зовон сууж бүхийд тэр
түшмэлд маш өтлөсөн эцэг буй ажгуу. Тэр өвгөн ийн сэтгэрүүн: «Урьд миний
энэ хөвгүүн инээмсэглэн царай нь өнгөтэй бөлгөө. Өдгөө хөвгүүн минь царай
юугаан хорхойж маш зовж суун ажгуу. Энэ юуны шалтгаан болов» хэмээн
хөвгүүнээсээ асууваас хөвгүүн нь эцэгтээ хааны зарлиг ёс шалтгааныг дэлгэрэнгүй
өгүүлсэнд эцэг нь өгүүлрүүн:
“Ай
хөвгүүн минь! Гэр дэхь нэгэн тулах баганад насад, үргэлжид гэрэл бадармуй. Түүний
дотор юу буйг үзэгтүн! ” хэмээн өгүүлсэнд төдий тэр түшмэл тулах баганыг
хагалсанд түүний дотор нь арван хоёр шүтэн барилдуулснаас болсон судар[5] ба нэгэн
хоногийн найман үест санваарын хөлгийн ном гарсанд төдий тэр түшмэл маш баясаад
авч одоод хаанд өгвөөс хаан маш ихэд баясаж, тэр бичгийг алтан хуурцагт дүрж,
тэр нага лусад өгч илгээв. Нага лус түүнийг аваад маш баясаж тэр их хаанд олон
эрдэнэсийг өргөв. Тэр нага лус бээр нэгэн хоногийн санваарыг сахиад бусдыг ч
сахиулсанд тэндээс төрөл егүүтгэж тэнгэрийн хөвгүүн болж төрөв. Тэр хаан бээр
номын ёсоор шагшаабадыг сахисны тул төрөл егүүтгэж түүн лүгээ хамт тэнгэрийн
газар төрөв. Ананд аа! Энэ шөнө дөлийн урьд миний дэргэд ирээд би ямарваа номыг
үзүүлсэнд тэр хоёр тэнгэр үргэлжид орсны үрийг[6] олоод
гурван муу заяа[7]-наас огоот
хагацаад тэнгэр хүний эд таваарыг эдлэн жаргаж эцэст нирвааны хутгийг ч олъюу. ”
Ялж төгс нөгчсөн Бурхан тийн хэмээн зарлиг болсонд хамаг нөхөд нь илт баясан
бишрэв.
[1]Гашиб Бурхан-
Годам Бурханаас өмнө хүний ертөнцөд заларсан Бурхан. Амьтан
хоёр түм наслах үед ирсэн гэдэг домогтой.
[2]Нэгэн
хоногийн найман үест санваар- Амь таслах, эс өгснийг авах, ариун бусаар явах, худал өгүүлэх,
архи уух, өндөр суудалд суух, дуулах, хөгжимдөх, үдшийн зоог барих тэргүүтнийг
нэгэн өдөр тэвчих сахил.
[5]Арван хоёр
шүтэн барилдуулснаас болсон судар- Мунхаг, хуран үйлдэх, тийн мэдлийн үе
гишүүн орчлонд тусах, нэр дүрсийн үе гишүүн, төрөн түгэхүй, мэдрэхүй,
хүрэлцэхүй, шунан тачаах, авах, орших, төрөхүй, өтлөх үхэх тэргүүтэн зовлонгийн
уг шалтгааныг 12 шүтэн барилдлагаар өгүүлсэн судар.
[6]Үргэлжид
орсны үр- Бодьсатвын мөрт орох дөрвөн үрийн нэг бөгөөд гэгээрэх мөрт нэгэнт орж
үрийг олсон гэсэн утгатай.
No comments:
Post a Comment