Saturday, April 6, 2013

Mонголчууд: БУДДЫН ШАШИН ДААТГАЛЫН КОМПАНИ БИШ


Энэхүү нийтлэл бидний клуб байгуулагдахаас дөнгөж өмнөхөн бичигдэж байжээ.
БУДДЫН ШАШИН ДААТГАЛЫН КОМПАНИ БИШ

Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам, орчин үед Буддын шашны ном сургаалыг энгийн иргэдэд тайлбарладаг төвүүд их хэрэгтэй. Монголын залуучууд та нар өөрсдөө жижиг жижиг бүлгэмүүд байгуулаад Буддын шашны сургаал, онол зэргийг хоорондоо ярилцаж, санаа оноогоо солилцож бай. Ийм төвүүдийг энэтхэг, төвд залуучууд Энэтхэгийн Дарамсалад олноор байгуулж байгаа. Их үр дүнтэй, ач тустай юм байна лээ. Буддын шашны нотлохуй ухаан бол бүх ажил мэргэжилтэй хүмүүст ач тусаа өгнө. Та бүхэн Буддын шашны нотлохуй ухааныг эзэмшээд ажил төрөлдөө ашиглаа гэж айлдсан билээ.

Монголын Бурханы шашинтны нийгэмлэг бол Далай ламын сургаалыг бодитойгоор биелүүлж буй байгууллага юм. Тус нийгэмлэг энгийн хүмүүст Бурханы шашны сургаал, номлолыг тайлбарлаж, орчин үеийн Бурханы шашинтныг бэлтгэхийг зорин нэг сарын хугацаатай сургалт зохион байгуулж байна.

Уг сургалт сүсэгт суурилсан бус харин мэдлэгт суурилсан Бурханы шашныг иргэдэд түгээх зорилготой. Хэрэв мэдлэгт суурилсан Бурханы шашныг энгийн иргэдэд түгээвэл орчин үеийн, мэдлэгтэй Бурханы шашинтныг олноор төрүүлнэ гэж МБШН-ийн багш, гавж Д.Нямсамбуу хэлж байна.
Орчин үеийн, мэдлэгтэй Бурханы шашинтан гэж хэнийг хэлэх вэ? гэвэл шашныхаа ертөнцийг үзэх үзлийг мэддэг, сайн үйл хэргээрээ үүнийгээ илэрхийлдэг, өөрөө өөртэйгээ тэмцэж, муу сэтгэлээ дийлж, өөрийгөө засаж байж л амар амгаланг олохыг ухаарсан хүнийг хэлэх аж. Түүнээс биш Бурханы шашны талаар юу ч мэдэхгүй байж, зовж ядрахдаа л “Намайг авраачээ, би мөнгө өгсөн шүү!” гээд Ганданд очиж хүрд эргүүлдэг, ламд өргөл барьц, “хээл хахуул” өгч ном уншуулдаг хүний хэлэхгүй гэнэ.
ХХI зуунд Монголд мэдлэгт суурилсан Бурханы шашин маш чухал. Угаасаа л мэдлэгт суурилсан бүхэн чухал болсон зуун бол ХХI зуун. ХХI зууны хувь хүн бол аливааг “Энэ юу вэ?” гэж эргэцүүлэн бодох ёстой. Мухар сүсэг бол хүний эргэцүүлэн тунгаах чадварыг сохолдог. Буддын шашны нотлохуй ухаан асар гүнзгий. Энэ давуу талаа ашиглаж хүмүүст хүрэх хэрэгтэй гэж Д.Нямсамбуу ярьж байлаа.
Тэрбээр мөн: Монголчуудын дийлэнх нь Бурханы шашинд даатгалын компани шиг хандаж хар амиа хаацайлан лам хуврагуудад мөнгө өгч байна. Энэ бол таатай хэрэг биш. Бурханы шашин бол үйлийн үрийг л номлодог. Зөв юм хийвэл зөв сайхан байна. Буруу юм хийвэл буруу байна. Энэ чинь зүй тогтол юмаа гэж л номлодог. Орчлон хорвоод та нар бие биенээсээ хамааралтай, бие биендээ хэрэгтэй. Тийм болохоор та нар бие биенээ хүндэлвэл жаргана шүү гэдэг аргыг л Бурхан багш зааж өгсөн. Түүнээс биш надад л итгэвэл, юунд ч бүү санаа зов. Би бүгдийг шийднэ гэж хэлээгүй. Бусад зарим шашинд Ертөнцийн эзэн гэж байдаг бол Бурханы шашинд Бурхан багш гэж бий. Бурхан багш сохроор дагаж мөрдөхийг шаардаагүй. Харин аливааг эргэцүүлж, тунгааж байж мөрдөхийг зөвлөдөг. Тиймээс Бурханы шашинд зөв амьдрах аргыг нь зааж өгдөг. Бурханы шашны аврах, аврагдах зарчим бусад зарим шашнаас ялгаатай. Хэрэв бусад зарим шашинд хүн хүсээд, итгэх л юм бол аврагдана гэж сургадаг бол харин Бурханы шашинд хүн хэчнээн аврагдая гэж бодсон ч үйлийн үр байвал аврагдах боломжгүй. Тиймээс л өнөөгийн монголчууд бид сайн юм хийвэл сайн үр дагавартай, муу юм хийвэл муу үр дагавартай, бид нэгнээсээ хамааралтай гэдгээ ухаарвал манай нийгэм сайн сайхан болох учиртай. Нэг нэгнээ хүндэлдэг, бусдын эрх ашгийг эрхэмлэдэг үзэл Бурханы шашны сургаалыг зөв ухаарсан цагт бий болно гэж сургаж байлаа.
Үнэхээр нийслэлийнхэн бид нэг нэгнээсээ хамааралтай гэдгээ мартсан мэт амьдардаг. Бүгд л “би, би”, “надад, надад” гэсээр ээлж ээлжээрээ таггүй траншейнд унаж үхэцгээх нь. Ер нь зөвхөн онгорхой траншей ч биш ер бүх юманд монголчуудын хувиа хичээсэн, мунхаг чанар харагддаг билээ. Нэг нэгэндээ зам тавьж өгдөггүй. Оочерлож чаддаггүй. Баярлалаа гэж хэлдэггүй. Энэ бүхэн “би бусдаас хамааралгүй тусгай хүн” гэдэг бодлоос бий болсон. Хэрэв монголчууд хамаг юмс харилцан хамааралтай гэдэг Буддын шашны сургаалыг зөв ухаарч, мэддэг бол ядахнаа ухсан нүхээ тойруулаад хашлага бариад, хүн амьтан унаж гэмтэхээс сэргийлэх л байсан. Гэтэл тэгдэггүй нь даанч харамсалтай… Энэ бүхнээс харахад Бурханы шашныг ард иргэддээ зөв ойлгуулж, нийгмээ хүнлэг, соёлтой болгоход ашиглах нь их чухал гэдэг нь тодорхой.
“Бидний амьдрал аль нэг далдын ид шидээс хамаарах биш харин өөрсдөөс маань хамаарна. Тиймээс зовлонгын шалтгааныг өөрөө өөрөөсөө л хайх чухал. Ерөөсөө л харилцан хамаарал, зүй тогтолын үүднээс жаахан ухаж үзэхэд л бусдыг хүндлэх надад ашигтай юм байна гэдгийг ойлгоно. Машин жолоодоод эам дээр явахад дүрэм журмаа мөрдөөд, нэг нэгэндээ зам тавиад сурчихвал эргээд энэ үйлдэл нь өөрт нь ашигтай болно гэдгийг харилцан хамаарал, зүй тогтолын үүднээс ч батлагдана” гэж Д.Нямсамбуу нотолж байна.
Түүний хэлсэн маргашгүй үнэн билээ. Монголчууд буян хийнэ гэдгийг өдөр тутмын амьдралаасаа тустай, хааяа нэг дотны хүн нас барахад хийдэг зүйл гэж ойлгоно. Гэтэл тийм биш. Хүн унаад гэмтэж бэртчих вий гээд траншейны тагыг таглахад ч гэсэн буян болно. Мөн ядарсан хүнд автобусанд суудал тавьж өгвөл ч буян болно. Тиймээс ч Бурхан багш “Буян хийвэл амар амгаланг олно” гэж айлджээ. Харин өнөөгийн монголчууд бидэнд хийсэн үйлдэл маань хамаагүй. Харин том мундаг ламд очоод л “бүх юмаа аргалуулах” хангалттай байдаг. Энэ бол буруу гэдгийг гавж Д.Нямсамбуу бас хэллээ.
“Буддын шашинд ид шид гэмээр зүйл бий. Гэхдээ энэ бол голлох хүчин зүйл болдоггүй. Ном уншуулж байгаа хүмүүсийг Бурхан багшийн айлдаагүйг хийлээ гэвэл туйлшрал. Мөн Бурхан багшийн хий гэснийг хийж байна гэвэл бас туйлшрал. Миний бодлоор бол бид голлох хүчин зүйлээ, гишүүн хүчин зүйлээр л солиод байна даа” гэж Д.Нямсамбуу хэлээд Бурханы шашны цөм бол хүн өөрөө өөртөө аврал гэдэг сургаалд л оршино. Аливаа ид шид бол хэзээ ч Бурханы сургаалын гол цөм нь байгаагүй гэв.
Далай лам мөн ч үүн лүүгээ агаар нэг сургаал айлдаж байсан. Тэрбээр Бурханы шашны талаар мэдлэгтэй байх нь хоосон сүсэгтэй байхаас чухал шүү. Бурханы шашны талаар ч ямар ч мэдлэггүй байж, өвдөж шаналахаараа л сүм хийдэд очих нь XXI зууны Буддын шашинтанд тохирохгүй. Ганжуур, Данжуур бол Бурханы шашны сургаал. Ганжуур, Данжуурыг хүн бүр уншиж, амьдрал ахуйдаа хэрэглэдэг байх ёстой. Ганжуур, Данжуур зөвхөн сүм хийдэд л байх ёстой ном судар биш гэж айлдсан билээ.
Д.Нямсамбуу, “Хүн төрөлхтний мэдлэг, хувь хүний мэдлэг хоёр адилхан шахам байсан үе бий. Хүй нэгдлийн үед нэг гэрийн эзэн арслан заан, барыг яаж агнах уу, арьсыг нь яаж элдэх үү гэдгийг л мэддэг байхад хүн төрөлхтний мэдлэгийн хязгаарт хүрлээ гэсэн үг. Харин одоо шинжлэх ухаан асар хөгжлөө. Ганцхан жишээ татахад л Бурханы шашин судлал асар гүнзгийрсэн. Одоо түүхийн шинжлэх ухаан ч мөн адил. Дэлхийн бүх цаг үеийг мэддэг хүн гэж байхгүй” гээд хэрэв эрт дээр үед Бурханы шашин сүсэгт суурилан түгдэг байсан бол одоо мэдлэгт суурилсан Бурханы шашныг түгээх цаг хугацаа болсныг онцолж байлаа.
Манай ард түмэн харьцангуй боловсорч бүгд шахам бичиг үсэгтэй болж, аливаа зүйлсийг эргэцүүлэн бодох чадвартай хүмүүс олширсон өнөө үед Бурханы шашныг онолын түвшинд ч энгийн хүмүүст тайлбарлаж, сургах ёстой гэж Д.Нямсамбуу үзэж байна.
Бурханы шашны агуулга гүн гүнзгий болохоор ард иргэддээ бүрэн ойлгуулж чадаагүйгээс тухайн нэг улсад Бурханы шашин мөхөж, буурч байсан тохиолдлууд дэлхийн түүхэнд байдаг байна. Жишээ нь, эртний Энэтхэгт хаа ч байгаагүй, Бурханы шашны алдартай Наланда гэдэг том сургууль байжээ. Наланда сургуулийн эрдэмтэн багш нар Бурханы шашны оргилд хүрч, янз бүрийн ид шидийг эзэмшин, сургууль дотроо нисч явдаг байсан гэж домогт гаргадаг гэнэ. Гэтэл муслим шашны эзлэгчид Энэтхэгийг эзлэн Наланда сургуулийг устгахад Бурханы шашин Энэтхэгт бараг үлдээгүй ажээ. “Зөвхөн оройг нь тайрчихад л Бурханы шашин ард түмний дунд үлдээгүй. Бурханы шашин хэтэрхий онолын түвшинд хөгжиж, энгийн ард түмэнд ойлгомжгүй, байснаас болж энэ явдал болсон” гэж Д.Нямсамбуу ярьж байлаа.
Тиймээс ч нэгэнт л монголын ард түмний соёл, ахуйд бүрэн шингэж, салгахын аргагүй болсон энэ шашнаа улс орныхоо хөгжилд тустайгаар зөв дэлгэрүүлж, хөгжүүлэх нь өнөөгийн шашны зүтгэлтнүүдийн өмнө тулгарсан том сорилт гэж тэрбээр үзэж байна.
Сүсэгт тулгуурлаж түгээсэн Бурханы шашны өнгөрсөн зуунд үүргээ гүйцэтгэжээ. Шашин шүтэхийг хориглосон ХХ зуунд ард түмэн “элгээрээ” Бурханы шашнаа үгүйлсээр, бүрмөсөн марталгүй өнөө үед ирсэн байна. Харин одоо Бурханы шашныхаа талаар мэдлэгтэй, зөв ойлголттой энгийн иргэдийг хүмүүжүүлэх нь нийгмийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна. Тэгээд ч Бурханы шашин бол орчин үеийн хүн төрөлхтний оюуны нэгэн их өв. Үүний талаар орчин үеийн хүн заавал мэддэг байх ёстой. Өнөөгийн хэт материалист, хэрэглээний нийгэмд Бурханы шашин “материализмын хэт халалтыг хөргөж, дотоод сэтгэлийн амар амгаланг олоход нь туслана” гэж Д.Нямсамбуу салахынхаа өмнө хэллээ.
Үнэхээр сүүлийн үед уул уурхайн хөгжлийн сөрөг үр нөлөөг нь багасгахын тулд манай улстөрчид төдийгүй ард иргэд ногоон хөгжил, тогтвортой хөгжил гэж их ярих болсон. Байгаль дэлхийгээ баяжихийн тулд сөнөөчихвөл ирээдүйд яаж хөгжих билээ. Тэр утгаараа тогтвортой хөгжлийн үндэс бол ногоон хөгжил юм. Үүнтэй нэгэн адил материализмын “хэт халалтын” үед ард түмний сэтгэлийг тайтгаруулж тогтвортой хөгжлийн үндсийг хангах бас нэг чухал хүчин зүйл бол Бурханы шашин. Бурханы шашин материализмын хэт халалтыг баланслуулж, монголчуудын сэтгэлийг чиг, зорилготой болгоход тусална. Тийм учир бид Бурханы шашныг зөв ашиглаж, нийгмээ хувь хүнээрээ, “өөрөө өөрсдөөрөө” дамжуулан хөгжүүлэх нь зөвхөн шашны зүтгэлтэн бус мөн бүх л хүн ардын үүрэг билээ.

Эх сурвалж:
http://mongolchuud.blogspot.com/2011/11/blog-post.html

Wednesday, April 3, 2013


БЭДЭН ЯВАГЧ ШАГШААБАД САХИСНЫ ГУРАВДУГААР ЗҮЙЛ
Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн Бурхан Ширавасун балгас дахь Ялгууч хан хөвгүүний цэцэрлэг Итгэлгүй идээн өглөгтийн баясгалант хүрээнд суун бөлгөө. Тэр цагт шөнө дөлийн урьдхан хоёр тэнгэр Бурханы дэргэд ирлээ. Тэр тэнгэрийн бие дэхь гэрлээр Ялгууч хан хөвгүүний цэцэрлэгийг алтны өнгө лүгээ адил гийгүүлэв. Тэр хоёрт Ялж төгс нөгчсөн Бурхан ямарваа богдсын номыг үзүүлснээр сэтгэл нь маш алдраад хоёул бодь хутгийн үрийг олоод тус нь бүтэж бүрүүн, Ялж төгс нөгчсөн Бурханы хөлд тэргүүнээрээ мөргөөд тэнгэрийн оронд харив. Үүр гийхэд сац Ананд Ялж төгс нөгчсөн Бурханаа ийн хэмээн өчив:
“Бурхан аа! Энэ шөнө хоёр тэнгэр ирээд Ялж төгс нөгчсөн Бурхан чамайг хүндлээд тэр хоёрын гэрлээр хамаг хотол ордыг үзэсгэлэнтэйеэ гийгүүлэв. Тэр хоёр тэнгэр нь эрт ямар үйл үйлдсэнээр тийм болов?” хэмээн өчвөөс Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад ийн хэмээн зарлиг болов:
“Эрт Гашиб[1] Бурхан нирваан болж богдсын ном эцлэхүй ойртсонд хоёр бярман нэгэн хоногийн найман үест санваар[2]-ыг авч сахиад нэг нь «Тэнгэр болон төрөх болтугай» хэмээн хутаг гуйв. Нэг нь «Хаан болон төрөх болтугай» хэмээн хутаг гуйгаад харьж ирсэнд түүний эм нь үдшийн идээ өгсөнд тэр бярман өгүүлрүүн:
“Би Бурханы номоос үдшийн идээ үл идэхийн санваарыг авсан бөлгөө” хэмээн өгүүлсэнд эм нь өгүүлрүүн:
“Чи бэдэн явагч бярман буй за. Бидэнд номын шагшаабад[3] буй бөгөөтөл юуны тул бус багшаас санваарыг авав. Хэрвээ чи эм лүгээ хамт идээ үл идэх бөгөөс чиний өгүүлсэн ёсоор үл яван бусад бэдэн явагч лугаа ханьцаж чамтай хамт суухгүй” хэмээн өгүүлсэнд тэр бярман ихэд айн цочоод эмтэйгээ хамт цаг бусын идээ идэв.
Тэр хоёр бярман насны цагт хүрээд өөр өөрийн оронд нөгчсөнд хаан төрийг хүсэж санваар сахисан тэр бярман нь хаан болон төрөв. Тэнгэрийн дүрийг хүсэж санваар сахисан тэр бярман санваараа эвдсэний тул нэгэн нага[4] болон төрөв. Тэр цагт хааны жимс идээний хүрээг сахигч нэгэн хүн өдөр бүр элдэв жимс идээг хаанд хүргэх бөлгөө. Хойно нэгэн цагт тэр хүн нэгэн булгийн дотроос сайн үнэрт, өнгө сайт тийм нэгэн алим олсонд тэр хүн ийм хэмээн сэтгэрүүн: «Би жимс хүргээд нааш цааш одохуйд хаалгач хаалгыг хааж зоргоор минь үл илгээмүй. Энэ алимыг тэр хаалгачид өгсүгэй» хэмээн сэтгэж хааны хаалгачид өгөв. Хаалгач тэр жимсийг аваад ийн хэмээн сэтгэмүй. «Би өөрийн хэргийн тулд нааш цааш явахуйд дотоод хаалгач хаалга хааж миний зоргоор үл илгээмүй. Энэ алимыг дотоод хаалгачид өгсүгэй» хэмээн сэтгээд дотоод хаалгачид өгөв. Дотоод хаалгач түүнийг аваад хатанд өргөн барив. Хатан нь хаанд өргөн барив. Хаан тэр алимыг зооглосонд маш амттай болоод үлэмж үнэрт болсонд хаан хатнаас:
“Энэ алимыг хаанаас олов?” хэмээн асуусанд хатан бээр олсон шалтгааныг хаанд өчвөөс нэгэн нэгнээ эшилж, эцэст жимсний хүрээг хадгалсан хүнээс авсныг мэдэж хаан тэр хүнийг дуудаж ирүүлээд ийн хэмээн зарлиг болруун:
“Миний жимсний хүрээнд ийм сайн жимс буй атал надад үл өгөн бусдад өгөх чинь юун?” хэмээсэнд тэр хүн урьд олсон шалтгаанаа хаанд өчив. Хаан зарлиг болруун:
“Үүнээс хойшид онц ийм алимыг авчир” хэмээсэнд төдий тэр хүн маш айн эмээгээд хаанд ийн өчрүүн:
“Ай эзэн минь! Тэр хүрээнд тийм жимс үгүй буй за. Тэр жимсийг би нэгэн булгийн дотроос оллоо. Өдгөө тийм жимс надад үл олдмуй” хэмээв. Хаан зарлиг болруун:
“Чи тийм жимсийг үл олох бөгөөс биеийг чинь хэсэг хэсэг огточмуй” хэмээсэнд тэр хүн маш айн эмээгээд гэртээ харьж ирээд гашуун зовлонт болж их дуунаар уйлсанд, нэгэн нага лус сонсож нэгэн хүн болон хувилаад тэр хүний дэргэд ирж:
“Ай хүн! Чи ийм их гашуун зовлонгоор уйлах юуны шалтгаан буй?” хэмээн асуусанд тэр жимс сахигч хүн хэр болсон шалтгаанаа дэлгэрэнгүй өгүүлсэнд тэр нага лус үл үзэгдэн одоод үл удан нэгэн алтан тэвш дүүрэн жимс авч ирээд тэр хүнд өгөөд ийн өгүүлрүүн:
“Ай хүн, чи энэ жимсийг авч одоод хаанд өргөж миний эдгээр үгийг хаанд ийн өчтүгэй! «Хаан, чи бид хоёр ураг бөлгөө. Чи бид хоёр урьд төрөлд бэдэн явагч бярман бөлгөө. Бид хоёр нэгэн хоногийн санваарыг авч сахиад өөр өөр хутаг гуйж бөлгөө. Хаан чи санваараа алдалгүй сахисны тул хаан болон төрөв. Би санваараа хадгалж эс чадсан учир нага лус болон төрөв. Өдгөө санваар сахиад биеэс тонилохыг хүсмүй. Хаан чи нэгэн хоногийн найман үест санваарыгсахих хөлгөн судрыг надад өгч илгээн соёрх. Хэрвээ үл соёрхох бөгөөс хаан чиний улсыг далайн усаар авхуулмуй»” хэмээн үгсээ өчин илгээсэнд төдий тэр жимс сахигч хүн тэр жимсийг авч одоод хаанд өргөн түүний үгсийг хаанд дэлгэрэнгүй өчсөнд хаан маш айж, үл баясан ийн хэмээн сэтгэмүй: «Өдгөө энэ ертөнцөд Бурхан үл сууж богдсын номыг эцэлж үгүй бөгөөтөл нэгэн хоногийн найман үест санваарын бичгийг хаанаас олмуй. Түүний тусыг эс бүтээвээс усаар улсыг минь магад авмуй» хэмээн сэтгэл нь маш зовж тэр хаан нь их түшмэлдээ ийн хэмээн зарлиг болруун:
“Ай түмшэл ээ! Нэгэн нага лус надаас нэгэн хоногийн санваарын номыг гуйж ажгуу. Түүнийг чи хичээж эрээд өгтүгэй! ” хэмээн зарлиг болсонд түшмэл өчрүүн:
“Ертөнцөд номгүй бөгөөтөл би түүнийг хаанаас олмуй?” хэмээн өчвөөс хаан нь тэр түшмэлд:
“Түүнийг эс олвоос чамайг магад алмуй” хэмээн зарлиг болсонд тэр түшмэл маш айн эмээгээд өөрийн гэртээ одоод маш зовон сууж бүхийд тэр түшмэлд маш өтлөсөн эцэг буй ажгуу. Тэр өвгөн ийн сэтгэрүүн: «Урьд миний энэ хөвгүүн инээмсэглэн царай нь өнгөтэй бөлгөө. Өдгөө хөвгүүн минь царай юугаан хорхойж маш зовж суун ажгуу. Энэ юуны шалтгаан болов» хэмээн хөвгүүнээсээ асууваас хөвгүүн нь эцэгтээ хааны зарлиг ёс шалтгааныг дэлгэрэнгүй өгүүлсэнд эцэг нь өгүүлрүүн:
“Ай хөвгүүн минь! Гэр дэхь нэгэн тулах баганад насад, үргэлжид гэрэл бадармуй. Түүний дотор юу буйг үзэгтүн! ” хэмээн өгүүлсэнд төдий тэр түшмэл тулах баганыг хагалсанд түүний дотор нь арван хоёр шүтэн барилдуулснаас болсон судар[5] ба нэгэн хоногийн найман үест санваарын хөлгийн ном гарсанд төдий тэр түшмэл маш баясаад авч одоод хаанд өгвөөс хаан маш ихэд баясаж, тэр бичгийг алтан хуурцагт дүрж, тэр нага лусад өгч илгээв. Нага лус түүнийг аваад маш баясаж тэр их хаанд олон эрдэнэсийг өргөв. Тэр нага лус бээр нэгэн хоногийн санваарыг сахиад бусдыг ч сахиулсанд тэндээс төрөл егүүтгэж тэнгэрийн хөвгүүн болж төрөв. Тэр хаан бээр номын ёсоор шагшаабадыг сахисны тул төрөл егүүтгэж түүн лүгээ хамт тэнгэрийн газар төрөв. Ананд аа! Энэ шөнө дөлийн урьд миний дэргэд ирээд би ямарваа номыг үзүүлсэнд тэр хоёр тэнгэр үргэлжид орсны үрийг[6] олоод гурван муу заяа[7]-наас огоот хагацаад тэнгэр хүний эд таваарыг эдлэн жаргаж эцэст нирвааны хутгийг ч олъюу. ” Ялж төгс нөгчсөн Бурхан тийн хэмээн зарлиг болсонд хамаг нөхөд нь илт баясан бишрэв.


[1]Гашиб Бурхан- Годам Бурханаас өмнө хүний ертөнцөд заларсан Бурхан. Амьтан хоёр түм наслах үед ирсэн гэдэг домогтой.
[2]Нэгэн хоногийн найман үест санваар- Амь таслах, эс өгснийг авах, ариун бусаар явах, худал өгүүлэх, архи уух, өндөр суудалд суух, дуулах, хөгжимдөх, үдшийн зоог барих тэргүүтнийг нэгэн өдөр тэвчих сахил.
[3]Шагшаабад- (са: Шила, мо: ёс цааз) Лам хувраг хүний даган мөрдөх сахил.
[4]Нага- (са: нага, мо: лус) Лус.

[5]Арван хоёр шүтэн барилдуулснаас болсон судар- Мунхаг, хуран үйлдэх, тийн мэдлийн үе гишүүн орчлонд тусах, нэр дүрсийн үе гишүүн, төрөн түгэхүй, мэдрэхүй, хүрэлцэхүй, шунан тачаах, авах, орших, төрөхүй, өтлөх үхэх тэргүүтэн зовлонгийн уг шалтгааныг 12 шүтэн барилдлагаар өгүүлсэн судар.
[6]Үргэлжид орсны үр- Бодьсатвын мөрт орох дөрвөн үрийн нэг бөгөөд гэгээрэх мөрт нэгэнт орж үрийг олсон гэсэн утгатай.
[7]Гурван муу заяа- Там, бирд, адгуусны төрөл авахыгхэлнэ.