ЭЛДЭВ
ҮЛГЭРИЙН ДАЛАЙ ХЭМЭЭГДЭХ СУДАР ОРШИВ
НАМО БУДДА ЯА
НАМО ДАРМА ЯА
НАМО САНГА ЯА
Хотол чуулганд сайн буян сая живаа тоот лагшинтай
Хязгаарлашгүй
олон амьтны горилыг хангах зарлигтай
Хоцроолгүй
мэдэгдэхүүн бүгдийг болгоох таалалтай
Хаан
Шагжийн язгуур түүн дор мөргөм үү
ДАДЯТА УМ
МҮНИ МҮНИ МАХА МҮНИ ЕЙ СУУХА
ТЭРГҮҮН
БӨЛӨГ
ЭЛДЭВ ҮЛГЭРИЙГ ҮЗҮҮЛСЭН ХЭМЭЭХ
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс төгчсөн Бурхан[1]Магадагийн[2]
улс дахь маш ялгуусан мандалд одож бүрүүн. Илт туулсан Бурханы хутгийг олоод
үүр үл удан нэгэн цагт ийн хэмээн сэтгэрүүн: «Эдгээр нь хэмээвээс өнө буруу
алжаас сэтгэлээр огоот түйдэж л үзүүлэн засхуйяа маш бэрхийн тулд хэзээд ертөнц
дэхь улсад сууваас тус хүргэж үл болох ажгуу. Өдгөө нирваан[3]
болсугай» хэмээн сэтгэв. Сац Эсэрүн[4]
язгуурт тэнгэр нар Ялж төгс нөгчсөн Бурханы сэтгэсэн сэтгэлийг ухаж бүрүүн
огторгуйгаас бууж ирээд Ялж төгс нөгчсөн Бурхан хаана бүхий тэр оронд хүрч хөлд
нь тэргүүнээрээ мөргөөд алгаа хамтатгаж:
“Номын хүрдийг орчуулан соёрх” хэмээн өчсөнд Ялж төгс
нөгчсөн Бурхан ийн хэмээн зарлиг болов:
“Эсэрүн язгуурт тэнгэр нар аа! Эдгээр амьтан нь гэмт
хирээр огоот түйдэж ертөнц дэхь жаргаланд тачаагаад билэг лүгээ төгөлдөр сэтгэл
үгүйн тул хэдийгээр ертөнцөд сууваас тус хүрэхгүй болмуй за. Тиймийн тул өдгөө
нирваан болвоос зохьюу хэмээн сэтгэмүй” хэмээсэнд төдий бас Эсэрүн язгуурт
тэнгэр нар Бурханаа ийн хэмээн өчив:
“Ялж төгс нөгчсөн Бурхан аа! Номын далайг огоот
дүүргэсэн, номын тугийг байгуулсныг үзүүлээд номхотгохуй цагт хүрэв. Өдгөө
амьтнаас туйлж бултах нь маш олон бөгөөс Ялж төгс нөгчсөн Бурхан нирваан
болохыг сэтгэх чинь юун? Маш мунхагаар түйдсэн эдгээр амьтанд ивээл итгэл болон
суун соёрх!
Эрт тоо томшгүй галав[5]
нөгчсөний урьд Ялж төгс нөгчсөн Бурхан чи бээр Замбутивд[6]
Ганашинабали нэрт их хаан болон төрлөө. Тэр хаанд харъяат өчүүхэн хаад олон бөлгөө. Хатан ба хорин
мянган тоот орд харш, арван мянган тоот их ноёд бөлгөө. Тэр хаан маш нигүүлсэгчийн
тул хүмүүн тэргүүтэн олон иргэний эцэг эх мэт боллоо. Тэр цагт тэр хаан ийн
хэмээн сэтгэв: «Би хамаг амьтны манлай эрхэн болоод энэ олон ард намайг бишрэн
баясах тул би богдсын ном чандмань эрдэнэсээр энэ хамаг амьтанд тус хүргэсүгэй»
хэмээн сэтгэж бүрүүн, ийн хэмээн зарлиг болруун:
“Хэн хүн богдсын номыг надад үзүүлвээс л түүнд ав аль
хэрэглэх эд таваарыг өгсүгэй” хэмээн тунхаг тархаав. Тэр цагт Лиудуча хэмээн
нэгэн бярман[7]
багш орд харшийн хаалганд ирээд ийн хэмээн өгүүлрүүн:
“Богдсын номыг хэрэглэх бөгөөс надад буй” хэмээсэнд хаан
түүнийг сонсоод сац гадна гарч угтан залаад тавцанд суулгав. Төдий хаан нөхөд
сэлт мөргөөд алгаа хамтатгаж ийн хэмээрүүн:
“Ай их багш аа! Их мунхагаар түйдсэн маньд богдсын номын
ялгалыг үзүүлэн соёрх” хэмээн дурдсанд Лиудуча бярман хаанд ийн хэмээн зарлиг
болов:
“Ай их хаан аа! Миний мэдсэнэнэ номыг сурахуйяа бэрхийн
тул сонсоод таалах бөгөөс өдийхнөөр үл болъюу” хэмээн өгүүлсэнд хаан:
“Ай багш ав аль хэрэглэх бөгөөс түүнийг зарлиг болтугай. Тэр
бүгдийг багш чиний тааллаар өргөсүгэй” хэмээн өчсөнд тэр бярман багш хаанд ийн
хэмээн зарлиг болруун:
“Ай их хаан. Номыг үнэнээр хэрэглэх бөгөөс биед чинь
мянган гол хатгаж зул шатааж тахин чадваас номыг үзүүлсүгэй” хэмээн өгүүлсэнд
төдий хаан үлэмж баясан бишрээд тэндээс нэгэн хүнийг зуун мянган дуун сонсохуй
газарт[8]
хүрэгч тийм нэгэн заанд унуулж Забутивийн хамаг улсандийн хэмээн тунхаг
тархаав:
“Өдгөө долоо хоногт Ганашинабали хаан нь номын тулд биеэ
нүхэлж гол хатгаж зул шатаан тахих буй” хэмээн өчүүхэн хаад ба хамаг хүнд
тунхаг өгсөнд тэдгээр нь тэр тухагийг сонсоод гаслалцан зовж төдий хаан хаана
бүхий тэр зүгт хүрээд хаанд мөргөж ийн хэмээн өчив:
“Ай их хаан! Энэ ертөнц дэхь бүхий л амьд амьтан чамд
шүтсэн буюу. Адилтгаваас балай хүн нүдэт хүнд шүтсэн ба өчүүхэн нялх хөвгүүн
эхэд шүтсэн адил буй атал хаан чи үгүй болвоос хойно хэнийг шүтэх . Хэрвээ
биедээ мянган зул шатааваас лавтай аминаас ангижрах буй атал нэгэн бярманы тул
ертөнц дэхь өдий чинээ амьтныг тэвчих чинь юун?” хэмээн өчсөн тэр цагт хатад ба
их хөвгүүн тэргүүтэн таван зуун хөвгүүн ба мянган тоот ноён бүгд алгаа
хамтатгаж залбиран өчвөөс хаан нь чин бат тангаргаас харилгүй ийн зарлиг
болруун:
“Ай та нар надад саад үл хийтүгэй. Хэзээ Бурханы хутгийг олвоос
би та нарыг сэжиггүй лавтай тонилгосугай” хэмээн зарлиг болсонд төдий олон хүн
хааны чин батад ам авсныг мэдэж сэтгэлээр маш их зовон уйлаад хөсөр унав. Төдий
хаан нь бярман багшид ийн хэмээн өчив:
“Ай багш! Өдгөө биед минь мянган зул шатаах цагт хүрэв. Биеийг
минь нүхлэ! ” хэмээн өгүүлсэнд төдий тэр багш хааны биеийг нүхлэж мянган гол
тосонд дүрэхийг олон нөхөд бүгдээр үзээд уул унасан мэт биеэ хөсөр дэлдэн унав.
Төдий хаан бярман багшид ийн хэмээн өчрүүн:
“Ай багш! Нигүүлсэхүй сэтгэлээр урьд надад номыг үзүүлээд
түүний хойно гол хатгаж зул шатаатугай. Хэрвээ урьд зул шатааваас үхээд номыг
сонсож үл болмуу” хэмээн өчсөнд бярман багш энэ шүлгийг өгүүлэв:
“Хамаг хураасан
бүгд барагдъюу
Өндөр болсон
тэрбээр эцэт унаюу
Хурах буй л бөгөөс хагацах болъюу
Төрөх буй л бөгөөс үхэх болъюу” хэмээн өгүүлээд сац хаан
маш баясан биширч гэмших сэтгэлгүй бөгөөтөл ийн хэмээн тангараглав:
“Миний ном эрсэн энэ нь Бурханы хутгийг олохын тулд буй
за. Би хэзээ Бурханы хутгийг олвоос бэлгэ билгийн гэрлээр мунхагт автсан хамаг
амьтныг маш гийгүүлэх болтугай” хэмээн тангарагласанд сац огторгуй газар маш
дэнслэв. Ариун орон дахь тэнгэр нарын орд харш хүртэл дэнсэлсэнд тэнгэр нар
огторгуйгаас бууж ирээд Бодьсадва[9]
хааны тэр биеийг эвдэрснийг үзээд тэдгээр тэнгэр нар уйлаад нулимс нь хур мэт
ороод тэнгэр нарын эдийн цэцгүүдээр хур оруулаад тахив. Тэр цагт тэнгэр нарын
хаан Хурмаст[10]
бээр хаан хаана бүхий тэнд ирээд элдэв үйлээр сайшаан магтаад ийн хэмээн
өгүүлэв:
“Ай их хаан! Ийм маш их зовлонгоор маш зовсонд сэтгэлд
чинь гэмшил буй буюу?” хэмээн асуусанд хаан зарлиг болруун:
“Гэмших сэтгэл надад үгүй” хэмээв. Хурмаст өгүүлрүүн:
“Их хаан аа! Энэ мэт бие чинь чичрээд амаргүй суун атал
гэмших сэтгэл үгүй хэмээн өгүүлэх үүнийг хэн итгэмүй?” хэмээсэнд хаан өгүүлрүүн:
“Хэрвээ би тэргүүнээс эцэс хүртэл үнэн гэмших сэтгэлгүй
бөгөөс бие дэхь энэ ярс эдгэж урьд ёсоор болтугай” хэмээн өгүүлвээс сац бие
дэхь ярс нь эдгэж урьд бие мэт болов.
Тэр цаг тэр учир дахь тэр хаан нь хэмээвээс ай Бурхан чи
бөлгөө. ”
“Бурхан аа! Чи эрт урьд амьтны тулд баршгүй зовлонгуудыг
хатуужиж богдсын номыг эрсэн бөлгөө. Өдгөө хамаг амьтныг тэвчиж нирваан
болсугай хэмээн сэтгэх чинь юун?
«Бас ч эрт нөгчсөн цагт Бурхан чи энэ Замбутивд
Жилингарли нэрт их хаан болон төрлөө. Тэр хаанд харьяат олон өчүүхэн хаад
бөлгөө. Найман түмэн дөрвөн мянган балгаст бөлгөө. Хатан хийгээд хорин мянган
тоот орд харшит бөлгөө. Их хан хөвгүүн тэргүүтэн таван зуун хөвгүүнт бөлгөө. Арван
мянган ноён бөлгөө. Тэр хаан нь нигүүлсэгч бүхийн тулд хамаг улс иргэнийг ганц
хөвгүүн лүгээ адил сэтгэмүй. Тэр цагт тэр их хаан нь богдсын номыг бишрэн
хүсэхийн тулд ийн хэмээн тунхаг тархаав:
“Хэн бээр надад богдсын номыг үзүүлэн соёрхвоос түүнд ав
аль эд таваарыг тааллын ёсоор өгсүгэй” хэмээн тунхаг өгсөн төдий Лиудча нэрт
нэгэн бярман багш орд харшийн хаалганд ирээд ийн хэмээн өгүүлэв:
“Хэн бээр надаас богдсын ном сонсохыг таалах бөгөөс
богдсын номыг үзүүлсүгэй” хэмээн өгүүлсэнд хаан түүнийг сонсоод сац маш баясан
бишрээд гадна гарч угтаад хөлд нь мөргөөд сайн үгээр магтан орд харшдаа залж
бэлдсэн тавцанд суулган алгаа хамтатгаж ийн хэмээн өчив:
“Ай их багш. Надад богдсын номыг үзүүлэн соёрх” хэмээн
өчсөнд бярман багш өгүүлрүүн
“Би өнөд хотол элдэв зовлонг хатуужиж сурсан бөлгөө. Хаан
чи сонсохыг дуршаах бөгөөс өдийхнөөр болох бус! ” хэмээн өгүүлэсэнд хаан алгаа
хамтатгаж:
“Ай их багш! Чи ямар ямрыг хэрэглэх бөгөөс зарлиг
болтугай. Хайрлалгүй хамгаа багш чамд өргөсүгэй” хэмээв. Бярман багш өгүүлрүүн:
“Тийм бөгөөс хаан чиний биед мянган төмөр хадаас шаагаад
түүний хойно номлосугай” хэмээн өгүүлсэнд хаан нь:
“Долоон хоногт зарлигаар бүтээсүгэй” хэмээн өчөөд төдий
тэр хаан нь нэгэн хүнийг найман түмэн дуу сонсдохуй газарт явагч тийм нэгэн
заанд унуулж хотол Замбутивд ийн хэмээн тунхаг тархаав:
“Өдгөө долоон хоногт Жилингарли хаан биедээ мянган төмөр
хадаас шаах буюу” хэмээн өгүүлсэнд төдий хамаг ноён ба олон иргэн сонсоод хамаг
бүгдээр хааны дэргэд ирээд ийн хэмээн өчив:
“Ай хаан эзэн минь! Дөрвөн зүгт агсан бид бүгдээр чиний
эрдэм хийгээд зарлигийн ачаар өөр өөрийн оронд жаргалангаар ихэд жаргаж суух
бөлгөө. Ай их хаан! Их нигүүлсэж биедээ мянган хадаас шаах тийм муу үйлийг
тэвчин соёрх! ” хэмээн өчсөнд тэр цагт хатад ба их хөвгүүн тэргүүтэн хамаг хан
хөвгүүд ба хамаг түшмэд ийн хэмээн өчив:
“Ай их хаан! Манийг үл нийгүүлсэх чинь юун буй? Нэгэн
хүний тулд биеэ эвдээд хамаг улс иргэнээ яахин тэвчмүй чи” хэмээн өчсөнд хаан
зарлиг болруун:
“Би урьд орчлонд биеэ тоо томшгүй гавьяа тусгүй болгосон
буюу за. Заримд нь тачаангуй, уур мунхагийн эрхээр үхсэн цагаан ясыг минь
овоолвоос Сүмбэр[11]
уулаас өндөр болой. Тэргүүн огтолсноос цуварсан цус нь таван их мөрнөөс их буюу.
Уйлсан нулимс минь дөрвөн их далайгаас их буюу. Тэр мэтэлдэв зүйлийн үүднээс
биеэ гавьяа тусгүй болговоос заримдаа ч номын тулд буюу. Заримдаа номын тулд
бус буюу за. Өдгөө биедээ хадаас шаагаад Бурханы хутгийг бүтээсүгэй. Хэзээ илт
туулж Бурханы хутгийг олвоос билгийн илдээр таны хамаг нисваанисын[12]
өвчнийг огтлох бөгөөтөл миний тийм сайн үйлд саад зэтгэр хийх чинь юун?” хэмээн
өгүүлсэнд төдий хамаг бүгдээр юу ч өгүүлэлгүй суув. Төдий хаан нь бярман багшид
өчрүүн:
“Ай их багш! Их нигүүлсэхүй сэтгэлээр урьд надад номыг
үзүүлж түүний хойно хадаас шаатугай. Эс тэгвэл ном сонсохгүй үхэх болмуй”
хэмээн өчсөнд бярман багш энэ шүлгийг номлов:
“Хамаг үүдсэн
нь мөнх бус буюу
Хамаг төрөл нь
зовлонт буюу
Хамаг ном нь
хоосон бөгөөд
Минийх үгүй
буюу
Минийх хэмээх ч
буй бус” хэмээн энэ шүлгийг өгүүлээдбиед нь мянган төмөр хадаас шаав. Тэр цагт
өчүүхэн хаад ноёд ба олон нөхөд түүнийг үзээд их уул унасан мэт биеэ хөсөр
дэлдэн уйлаад санаа алдсан тэр цагт огторгуй газар зургаан зүйлээр дэнсэлсэнд
Амармагийн[13]
ертөнц дэхь тэнгэр нар ба өнгөт ертөнц дэхь тэнгэр нар их гайхамшигт болоод
төдий тэдгээр хамаг тэнгэр нар огторгуйгаар бодьсадва хаан хаана буй тэнд хүрч
ирээд номын тулд хааны биеийг ихэд зовохыг үзэж хамаг тэнгэр нарын уйлсан нулимс
нь хур мэт орж бүрүүн, тэнгэр нарын эдийн цэцгүүдээр тахив. Тэр цагт тэнгэрсийн
хаан Хурмаст нь тэр хааны хаана бүхий тэр оронд хүрч ирээд ийн хэмээн өгүүлэв:
“Ай их хаан! Ийм их зовлонг хатуужих чинь юун сэтгэх буй?
Номын тул буюу. Эс бөгөөс Хурмастын төрийг хүсэх буюу. Чакравардын[14]
хааны төрийг хүсэх буюу. Түүнчлэн Шулмын[15]
хаан ба Эсэрүн хаан Махешварын[16]
төрийг хүсэх буюу?” хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүн:
“Миний энэ үйл нь гурван ертөнц дэхь жаргалыг хүссэн бус
буюу. Энэ үйл инь Бурханы хутгийг олохын тулд болой” хэмээн өгүүлэсэнд Хурмаст
өгүүлрүүн:
“Хаан аа! Биеэ ийн зовохуйд сэтгэлд чинь гэмшиглэн буй
буюу?” хэмээн асууваас хаан өгүүлрүүн:
“Надад гэмших сэтгэл үгүй буюу” гэмээвээс Хурмаст
өгүүлрүүн:
“Бие чинь чичрээд үл тэсэх бөгөөтөл гэмших сэтгэл үгүй
хэмээснийг хэн итгэмүй?” хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүн:
“Хэрвээ өгүүлсэн минь үнэн болоод надад гэмших сэтгэл
үгүй бөгөөс бие минь урьд ёсоор эдгэх болтугай! ” хэмээн өгүүлээд сац биень
урьд ёсоор болсонд тэнгрэ хүн бүгд баясалцан бишрэв». Басхүү өчрүүн:
“Ялж төгс нөгчсөн Бурхан чи номын далайг огоот төгсгөөд
цаглашгүй эрдэмт буй атал юуны тулд хамаг амьтныг огоот тэвчиж, номыг номлохгүй
нирваан болохыг сэтгэх чинь юун ажгуу?”
«Бас ч эрт нөгчсөн цаг дахь цаглашгүй тоо томшгүй
галвуудын урьд Бурхан чи энэ Замбутивд Эсэрүн тэнгэр нэрт их хааны Богд нэрт
хан хөвгүүн болон төрлөө. Тэр хан хөвгүүн нь богдсын номыг эрвээс эс олоод
сэтгэл нь гутаж маш зовон суун бүхийд тэнгэрсийн хаан Хурмаст нь тэр хан хөвгүүний
сэтгэлийг ухаж төдий нэгэн бярман болон хувилаад хааны орд харшийн хаалганд ирж
ийн өгүүлрүүн:
“Надад богдсын ном буй. Хэрэглэх бөгөөс үзүүлсүгэй! ”
хэмээн өгүүлсэнд хан хөвгүүн тэр үгийг сонсоод сац угтаж хөлд нь мөргөөд орд
харшдаа залраад тавцанд суулгаж алгаа хамтатган ийн өчрүүн:
“Ай их багш! Их нигүүлсэхүй сэтгэлээр надад богдсын номыг
үзүүлэн соёрх! ” хэмээн өчсөнд бярман багш зарлиг болруун:
“Сургаваас ч сурхуйяа маш бэрх болоод багшийг эрээд
хичээвээс ч хялбар сурах бусын тул өдийхнөөр болох бус буй за. Үнэн номыг сонсохыг
хүсэх бөгөөс ихэд хатуужиж сурах бөлгөө” гэсэнд Хан хөвгүүн өчрүүн:
“Ай их багш! Аливаа хэрэглэх эд таваарыг тааллаар зарлиг
болтугай. Миний бие ба гэргий, хөвгүүн, охин тэргүүтнийг таалах бөгөөс түүнийг
ч зарлиг болон соёрх. Зарлигаар өргөсүгэй! ” хэмээн өчив. Бярман багш зарлиг
болруун:
“Тийн бөгөөс арван тохой төдий гүн гууг галын цогцсоор
дүүргээд түүний дотор биеэ түлж тахин чадваас богдсын номыг үзүүлсүгэй” хэмээн
зарлиг болсонд төдий хан хөвгүүн нь багшийн зарлигаар их галын гуу ухсанд их
хаан ба хатан, ноёд түшмэд бүгдээр түүнийг сонсоод бие сэтгэл нь амаргүй болж
хамаг бүгд хан хөвгүүний орд харшид зорчиж хан хөвгүүнд өчин залбираад тэр
бярманыг хүрээлж ийн өчрүүн:
“Ай хутагт багш! Бид бүгдийг ихэд нигүүлсэж энэ хан
хөвгүүнийг үл түлүүлэн соёрх! Улс ба эмс, хөвгүүн бидний биеийг таалах бөгөөс
тэд бүгдийг хайрлалгүй өргөсүгэй бид” хэмээн өчсөнд бярман багш зарлиг болруун:
“Тийм юм надад хэрэггүй буй за. Хан хөвгүүн нь тиймийг
үйлдэн чадах бөгөөс номыг үзүүлсүгэй. Үл чадах бөгөөс номыг үзүүлэх бус” хэмээн
зарлиг болсонд тэнд чуулсан бүгдээр «Тэр багшийн зарлигаас урвахгүй» хэмээн
тангарагласныг ухаж бүрүүн юун ч үл өгүүлэн суув. Төдий их хаан нь нэгэн хүний
найман түмэн дуун сонсдохуй газар хүрэгч тийм нэгэн заанд унуулж хотол
Замбутивд тунхаг тархаахаар илгээв. Төдийг тэр хүн одоод ийн хэмээн тунхаг
тархаав:
“Өдгөө долоон хоногт хан хөвгүүн нь номыг хүсэхийн тул
галт гууд биеэ түлэн тахих буй. Та бүгд золгохоор ирэх бөгөөс үтэр ир”
хэмээсэнд төдий өчүүхэн хаад, их
улс ба өтөлсөн доройтсон шантрагсаднэгэн нэгнээ хөтлөж хан хөвгүүний
дэргэд ирээд өвдгөө хөтөр сөгдөөд алгаа хамтатгаж хамаг бүгд нэгэн үгээр ийн
хэмээн өчив:
“Аяа бид бүгд хан хөвгүүн чамд дулдуйдсан бөлгөө. Чи
манай эцэг эх лүгээ адил бөгөөтөл галт гууд түлэгдвээс энэ хамаг улсыг аврагч
итгэл хэн болмуй? Нэжгээд хүний тул өдий чинээ хамаг улсыг өдий чинээ хамаг
улсыг яахин тэвчих буй?” хэмээв. Төдий хан хөвгүүн тэдгээр иргэнд ийн хэмээн
зарлиг болов:
“Та бүгд сонс! Би урьд олон төрөлд орчлонд орчиж тоо
томшгүй төрөл авсан буюу за. Хүн болж төрөөд нэгэн нэгнээ урин[17]
хилэнгээр хөнөөж алалцсан нүгэлт үйл олон бөлгөө. Сайн төрөлт тэнгэр нарт төрж
тэнгэрийн насыг барж хүсэлт жаргалангаас хагацах зовлонгуудыг үзэв. Амьтны тамд
төрж галд түлэгдээд тогоонд чанагдсан ба илд мэсээр цавчуулж хэрчүүлсэн, хорт
мөрөнд урссан хийгээд илдсийн ууланд[18]
давах тэргүүтэн тоо томшгүй зовлон үзэв. Ясанд тултал өвдөхүй өвчин зовлонг ч
үзэв. Бирдэд[19]
төрж тэсэшгүй элдэв зүйл зовлонг үзэв. Адгуусанд төрж дааж ядтал ачаа ачаад
нэгэн үмх өвсийг идэх эрхгүй болоод алагдах тэргүүтэн тоо томшгүй зовлон үзэв. Тэр
мэт биеэ олонтоо хор хомс
болговоос ч богдсын номын тулд буянт сэтгэл өчүүхнийг ч үүсгэсэнгүй бөлгөө. Өдгөө
муу үнэрт энэ буртаг биеийг минь номын тулд тахих буй за. Би дээр үгүй бодь
хутагт сэтгэл үүсгэхэд та саад зэтгэрийг үл хийтүгэй! Бурхан бүтээхэд минь энэ
биеэр огоот тахил тахах буй за. Би хэзээд илт Бурханы хутгийг олвоос та нарт
номын биеэр өглөг өгсүгэй” хэмээн өгүүлсэнд тэр олон нөхөд юун бээр үл өгүүлэн
суув. Төдий хан хөвгүүн галт гууны амсарт босож байгаад бярман багшид ийн
хэмээн өчив:
“Ай их багш! Урьд надад богдсын номыг үзүүлэн соёрх! Хэрвээ
галд түлэгдэж үхвээс номыг сонсон үл чадмуу! ” хэмээн өчсөнд тэр бярман багш
энэ хоёр шүлгийг өгүүлэв:
“Ай асрах сэтгэлийг бясалгатугай
Урин хилэнт сэтгэлийг тэвчтүгэй
Их нигүүлсэхүйгээр амьтныг ивээтүгэй
Хотол хамгийг нигүүлсэхгүйгээр өршөөтүгэй
Их баясгаланг бясалгатугай
Бусдад ч өөр лүгээ зохилдох
Ном бодичид[20]
сэтгэлээр үзүүлвээс
Бодисун нарыг явдал буюу.
Эдгээр шүлгүүдийг өгүүлвээсханхүү сац харайсанд Хурмаст
ба Эсэрүн хаан хоёр нэжгээд гараас нь бариад ийн хэмээн өгүүлэв:
“Замбутивийн хамаг амьтан нь хаан чиний ачаар жаргасан
бөлгөө. Өдгөө хаан чи галд түлэгдвээс хамаг харцас, улс иргэн, эцэг эхээс
хагацсан лугаа адилын тул энэ хамаг амьтныгогоот тэвчиж галд унах чинь юун
буй?” хэмээн өгүүлсэнд төдий хан хөвгүүн нь тэнгэрсийн хаан ба олон нөхдийг
үзээд ийн хэмээн өгүүлэв:
“Би дээр үгүй бодь хутагт сэтгэл үүсгэхэд та бүгд саад
зэтгэрийг үл үйлдтүгэй! ” хэмээн өгүүлсэнд тэд бүгд юун бээр үл өгүүлэн суув. Төдий
хан хөвгүүн галт гуунд унасанд огторгуй газар сайтар дэнсэлсэнд огторгуй дахь
тэнгэр нарын уйлсан нулимс нь хур мэт оров. Тэр галт гуу нь цэцэрлэгт харш
болов. Тэр хан хөвгүүн нь лянхуан дээр суун ажгуу. Тэнгэр нар цэцгийн хурыг
өвдөг далдартал оруулав».
“Тэр учир тэр цаг дахь Эсэрүн тэнгэр нэрт хаан нь
Судадана[21]
хаан бөлгөө. Түүний хатан нь Махамай[22]
хатан буюу. Тэр цаг тэр учир дахь хан хөвгүүн нь Ялж төгс нөгчсөн Бурхан чи
бөлгөө. Ай Бурхан багш тэр цаг тэр учирт олон амьтныг ивээхийн тулд ном эрж
өдгөө огоот тонилж Бурханы хутгийг олсон бөгөөтөл юуны тулд мунхагт маш
бүрхэгдэн хамаг амьтныг номоор гийгүүлэхгүй нирваан болсугай хэмээн сэтгэх чинь
юун буй?”
“Бурхан аа! Бас ч тоо томшгүй галав өнгөрсний урьд энэ
Варанаси[23]
оронд таван зуун арш нар суун бөлгөө. Тэдгээр аршийн багш нь Удвал нэрт багш
бөлгөө. Тэр нь богдсын номыг сураад бясалгатугай хэмээн хүсэж бэдэн яваад
“Хэн хүн надад богдсын номыг үзүүлвээс л ямар зүйл таалах
бөгөөс тэрхүү ёсоор өргөөд зарц болсугай” хэмээн тунхаг тархаасанд нэгэн бярман
багш түүнийг сонсоод ирж тэр аршид ийн хэмээн өгүүлэв:
“Богдсын ном надад буй. Хэрэглэх бөгөөс үзүүлсүгэй! ”
хэмээн өгүүлсэнд төдий тэр арш нь бярман багшид мөргөөд алгаа хамтатгаж ийн
хэмээн өчив:
“Ай их багш! Нийгүүлсэхүй сэтгэлээр богдсын номыг надад
үзүүлэн соёрх! ” хэмээн өчсөнд бярман багш өгүүлрүүн:
“Номыг сурах бөгөөс маш их бэрх буй за. Их зовлонгоор
хатуужиж номыг сурах бөлгөө. Төдийхнөөр номыг суран яахан чадмуй. Үнэн номыг
сонсохыг хүсэх бөгөөс миний үгсээр үйлдэгтүн чи! ” хэмээн өгүүлсэнд тэр арш
өчрүүн:
“Ай их багш! Чиний зарлиг ямар бөгөөс түүгээр бүтээсүгэй”
хэмээн өчив. Төдий бярман багш нь:
“Тийн бөгөөс чиний арьсыг өвчөөд цаас хийж, ясаар чинь
үзэг хийгээд цусыг чинь бэх болгон номыг бичээд чамд үзүүлсүгэй” хэмээн
өгүүлсэнд төдий тэр арш тэр зарлигийг сонсоод даруй маш баясан биширч бүрүүн. Бурханы
шашныг хүндлэхийн тулд биеийн арьсыг өвчөөд ясаар үзэг хийж, цусаар бэх зуурч:
“Ай их багш! Цагт хүрэв. Үтэр номлон соёрх! Зарлийгийг
чинь бичсүгэй” хэмээн өчсөнд тэр бярман багш энэ хоёр шүлгийг өгүүлэв:
“Биеийн явдыг маш арвилан бэхлээд
Амь нядлахуй, хулгай хийгээд үл хурьцтугай
Хуурмаг худал үгс хийгээд ширүүн үгс үл өгүүлтүгэй
Хүсэхүй жаргаланд үл тачаагаад
Урин сэтгэлийг тэвчтүгэй
Хамаг муу үзлийг тэвчвээс л Бодьсатваа нарын дээд явдал
буюу” хэмээн эдгээр шүлгийг төдий бичээд хотол Замбутивд дуурсгасанд үзүүлсэн
ёсоор хамаг хүн хичээж түүнийг сураад нүгэлт үйлсийг тэвчлээ»
“Бурхан аа! Тэр цаг тэр учирт ч олон амьтны тулд хатуужих
явдлаар ном эрэхэд гэмшихүй сэтгэлгүй бөгөөтөл өдгөө номыг үзүүлэхгүй хамаг
амьтныг огоот тэвчээд нирваан болсугай хэмээн сэтгэх чинь юун ажгуу?”
«Бас эрт нөгчсөн, цаггүй тоо томшгүй галвуудын урьд нь
Бурхан чи бээр энэ Замбутивд Шивсэ нэрт хаан болон төрсөн бөлгөө. Тэр хаан
Дэваварда нэрт орд харштай бөгөөд цаглашгүй эд агуурст бөлгөө. Тэр хаан нь
Замбутив бүгдээрийг эзэлсэн буюу. Тэр хаанд нь харъяат найман түмэн дөрвөн
мянган өчүүхэн хаад бөлгөө. Ерэн мянган тоот орд харш бөлгөө. Найман түмэн тоот
балгас ба хатад хийгээд хорин мянган тоот орд харш бөлгөө. Таван зуун хан
хөвгүүн ба түмэн тоот их ноёд буюу. Тэр хаан нь хамаг бүгдийг асран нигүүлсэж
суун бүхий цагт тэнгэрсийн хаан Хурмаст нь бие дэхь таван эрдмээс хагацаж
үхэхэд ойртсонд маш зовон гаслаж суун бүхийд Вишвагарма үзээд Хурмастад:
“Маш зовон гаслах учир юун буй?” хэмээн өчсөнд Хурмаст
өгүүлрүүн:
“Би үхэхэд ойртоод үхэх бэлгэ илт болсонд энэ ертөнцөд
Бурханы ном нь устаж Бодьсатва нар ч ертөнцөд суусангүй бөгөөтөл өдгөө хэнийг
бээр шүтэж итгэл явуулах хүнгүй тул зовон гасласан нь тэр бөлгөө” хэмээн
өгүүлвээс Вишвагарма өгүүлрүүн:
“Ай Хурмаст аа! Өдгөө Замбутивд Бодьсатва нарын явдлаар
явагч Шивсэ нэрт хаан суун амуй. Тэр хаан нь маш чин бат болоод их хичээнгүйн
тул магад лавтай Бурханы хутгийг олмуй за. Түүнд итгэл явуулбаас үхлээс маш
тонилоод амарлиюү” хэмээн өгүүлсэнд Хурмаст өгүүлрүүн:
“Тийн бөгөөс тэр хаан Бодьсатва мөн бусыг болгоох
хэрэгтэй буй за. Өдгөө болгоохоор одсугай. Вишвагарма чи хүүрзгэнэ шувуу болон
хувилтугай. Би нэгэн харцага болон хувилаад чиний хойноос хөөсөөр одсугай. Чи
тэр хаан хаана бүхий тэр орд харшид орвоос л тэр хааны ёсыг үнэнээр ухаж мэдэх
буюу” хэмээн өгүүлсэнд Вишвагарма өгүүлрүүн:
“Ай Хурмаст аа! Бодьсадва хаан нь маш бэрх үйлээр
аргадваас үл болмуй” хэмээн өгүүлсэнд тэнгэрсийн хаан Хурмаст энэ шүлгийг
өгүүлрүүн:
“Түүнийг хорт сэтгэлээр аргадах бус буй за би
Алт мэт шарваас илт болъюу
Үнэнийг ухсугай хэмээн хүсэж
Бодьсатвааг сорьсугай би” хэмээн өгүүлээд сац Вишвагарма хүүрзгэнэ
болон хувилаад Хурмаст нэгэн харцага болон хувилж хүүрзгэнийг гүйцэн ядаж
хөөсөөр одсонд хүүрзгэнэ нь маш айн эмээгээд хааны суганд ороод:
“Ай их хаан! Амийг минь авар! ” хэмээн өчин атал даруй
дээр харцага хүрч ирээд хаанд ийн хэмээн өчив:
“Ай их хаан! Энэ хүүзгэнэ миний идэш бөлгөө. Хаан чамд
хоргодсон ажгуу. Үтэр надад өгөн соёрх! Би өлссөн тул зовмуй” хэмээн өчсөнд
хаан зарлиг болруун:
“Хэн надад хоргодвоос «Аварсугай» хэмээн ам авсан бөлгөө.
Энэ хүүрзгэнийг чамд үл өгмүү” хэмээсэнд харцага бас өчрүүн:
“Ай хаан! Чи хамгийг аврах бөгөөс миний хоолыг таслаж
амийг минь таславаас хамгийн дотор харьяагүй буюу би?” хэмээн өчсөнд хаан
зарлиг болруун:
“Чамд өөр бус мах өгвөөс идмүү чи?” хэмээн зарлиг болсонд
харцага өгүүлрүүн:
“Шинэхэн нядласан нойтон махыг хэрэглэмүү би” хэмээн
өчсөнд хаан ийн хэмээн сэтгэрүүн «Шинэхэн амттай нойтон махаар үүнийг тэжээвээс
л нэгий нь алаад нэгий нь тэжээвээс гавьяа тусгүй болмой. Бүх амьтан өөр өөрийн
амиа хайрламуй за. Гагцхүү миний биеийн махаар тэжээсүгэй» хэмээн сэтгэж хурц
хутгаар гуяны махаа огтлож харцгад өгөөд хүүрзгэний амийг аварсанд харцага
өгүүлрүүн:
“Ай хаан чи өглөгийн эзэн минь болов. Хамаг бүгдийг тэгш
сэтгэх бөгөөтөл өчүүхэн шувуу намайг ч тэгш сэтгэх л бөгөөс хүүрзгэний бие ба
хааны биеийн мах хоёрыг тэнгийн модонд[24] цэнлэж
тэнцүү болгон надад өгөн соёрх! ” хэмээн өчсөнд хаан:
“Тэнгийн мод авч ир! ” хэмээн зарлиг болсонд төдий
тэнгийн мод авчраад цөм огтлож тэнлэвээс бээр хүүзгэнийг тавиад нэгэн нэгэн
үзүүр хааны гуяны махыг цөм огтлож тэнлэвээс бээр хүүрзгэнэ лүгээ эс тэнцэв. Хоёр
мөрний мах ба хоёр этгээдийн хавирганы мах ба бүх бие дэхь махыг бартал огтлож тэнлэвээс
хүүрзгэнэ лүгээ эс тэнцсэнд хаан:
“Өөрийн бүх биеэ тэнгийн модонд тэнлэсүгэй! ” хэмээн
сэтгээд босвоос муужирч үхэтхийн унав. Төдий хоромхон атал санаа орж бүрүүн. Өөрийн
сэтгэлээ ийн хэмээн муушаав. «Ай сэтгэл чи! Тэргүүлэшгүй цагаас өдгөө болтол эс
чадсаны тул би гурван ертөнцөд очиж элдэв зовлонг үзвээс ч гавьяа тус болсонгүй
буй за. Өдгөө сэтгэл чи хичээнгүй цаг чинь хүрэв. Залхуурах цаг энэ бус болой»
хэмээн элдэв зүйлээр сэтгэлээ муушаагаад шамдан хичээж босоод тэнгийн модонд
тэнлээд:
“Өдгөө сэтгэл минь амрав” хэмээн баясав.
Тэр цагт огторгуй газар зургаан зүйлээр дэнсэлсэнд тэнгэр
нарын орд хаш бээр дэнслэн хөдөлсөнд өнгөт ертөнц дэхь тэнгэр нар тэргүүлэн
хамаг тэнгэр нар ирээд дээр огторгуйд суугаад Бодьсатва хаан нь номын тулд бие
амиа хайрлалгүй маш хатуужих явдлыг үзээд уйлсан нулимс нь хур мэт ороход
тэнгэр нарын эдийн цэцгүүдээр хур оруулж тахив. Төдий тэнгэрсийн хаан Хурмаст
нь харцага шувууны биеийг гээж өөрийн биед хувилаад хаанд ийн хэмээн өгүүлэв:
“Хаан аа! Энэ мэт маш бэрх явдлаар юу хүсмүй чи?
Чакравардын хааны төрийг хүсэх буюу? Хурмастын төрийг хүсэх буюу? Шулмын хааны
төрийг хүсэх буюу? Гурван ертөнцийн эрхтийг хүсэх буюу? Юуг хүсэх буюу?” хэмээн
өгүүлсэнд Бодьсатва хаан:
“Би гурван ертөнцийн жаргаланг хүссэн бус буй за. Дээр
үгүй үнэн төгс туулсан Бурханы хутгийг хүсмүү би” хэмээн өгүүлсэнд Хурмаст
өгүүлрүүн:
“Энэ мэт бие чинь чичрээд ясанд хүртэл тэсэшгүй зовсонд
гэмших сэтгэл чамд төрж байна уу?” хэмээн өгүүлсэнд хаан нь:
“Надад гэмших сэтгэл үгүй буюу” хэмээв. Хурмаст
өгүүлрүүн:
“Өдгөө бие чинь чичрээд аминд хүрч өгүүлэн үл чадах
бөгөөтөл гэмшилгүй хэмээх тэр үгэнд чинь хэн итгэмүй?” хэмээвээс хаан өгүүлрүүн:
“Би эхнээсээ эцсээ хүртэл нэгэн хялгасны төдий ч гэмших
сэтгэл надад үгүй буй за. Ав аль аливаа хүссэн хүсэл минь магад бүтмүй за. Өгүүлсэн
эдгээр үг минь үнэн бөгөөс бие дэхь эдгээр шарх аниж бие минь урьд ёсоор
болтугай! ” хэмээн өгүүлмэгц тэр даруй хааны бие нь урьдахаас үлэмж сайн
болсонд тэнгэр хүний ертөнц дэхь бүгд маш баясалцан бишрээд гайхамшигт болов»
Тэр цаг тэр учир дахь Шивсэ нэрт хаан нь өдгөө Бурхан чи бөлгөө. Бурхан чи эрт
нөгчсөн цагт биеэ хайрлалгүй хамаг амьтанд тусласан буй атал өдгөө Ялж төгс
нөгчсөн Бурхан чи номын далайг огоот төгсгөөд номын тугийг байгуулж, номыг
хэнгэргээр сайтар дэлдээд, номын зулыг ч шатааж, туслахуй цагт хүрсэн бөгөөтөл
юуны тулд номуудыг үзүүлэхгүй хамаг амьтныг огоот тэвчиж нирваан болсугай
хэмээн сэтгэх чинь юун ажгуу?” Тэр цагт Эсэрүн хаан нь Бурханы өмнө алгаа
хамтатгаж:
“Бурхан аа! Эрт цагт номыг эрж амьтны тул тэргүүнээ
мянгантаа өгсөн бөлгөө” хэмээн сайшаан магтаад басхүү ийн хэмээн өчрүүн:
“Ялж төгс нөгчсөн Бурхан аа! Өдгөө хамаг амьтны тул номыг
хүрдийг орчуулан соёрх! ” хэмээн өчин залбирсанд төдий Ялж төгс нөгчсөн Бурхан
нь Эсэрүн хааны өчсөн ёсоор Варанаси нэр улс дахь гөрөөс айх аюулгүй орших[25] хэмээх
оронд одоод номыг хүрдийг орчууллаа. Тэр мэт номын хүрдийг орчуулснаар гурван
эрдэнэ[26] ч
ертөнцөд илт боллоо. Тэр цагт тийн хэмээн зарлиг болсонд тэнгэр хүн ба лус[27],
ягшас[28]
ба асури[29] нар
ба найман аймаг[30] тэргүүтэн
хамаг бүгдээр баясан бишрээд сайшаан магтав.
Шигэмүни
Бурханы илт өгүүлэх нэр бөгөөд зургаан эрдэм төгсөж, хоёр хязгаараас хагацан,
дөрвөн шулмыг дарсан учир тийнхүү нэрийдсэн ажээ. Дөрвөн шулам нь:
-Хүсэл тачаал, уур хилэнгийн эрхээр буянд барцад үйлдэх
нисваанисын шулам
-Өвдөх, өтлөх, доройтохын эрхээр буянд барцад хийх
цогцсын шулам
-Амь насыг егүүтгэж, буяны үйлийг таслах үйлийн шулам
-Атаа хорсолын эрхээр буян барцад үйлдэх тэнгэрийн
хөвгүүний шулам
Төгс
хэмээн нэрийдсэн учир нь зургаан эрдэм төгссөний учир буюу. Зургаан эрдэм нь:
Эрх баялаг төгс, дүрс төгс, цог төгөлдөр, алдар төгөлдөр,
бэлгэ билэг төгс, хичээнгүй төгс.
Нөгчсөн
хэмээсэн нь сансар хорвоогоос ангижирч, нирваан дүрийг үзүүлж амирлисан хэмээсэн утгатай.
[2]Магада- (Са:Магадха) Орчин цагийн Энэтхэг улсын Бенарес, Бихар,
Аллабад зэрэг нутаг орныг хамарсан, Бурхан Годамын амьдралтай холбоотой эртний
газрын нэр.
[4]Эсэрүн язгуурт тэнгэр- (Төвд,
Санскрит: брахма Мон:Ариун) тэнгэрийн орны эзэн Эсэрүн тэргүүтэй тэнгэр нар.
[5]Галав- Нэн урт хугацааг үлэх хэмжээний нэр. Буддагын номд
зургаан зүйл галав байна гэж үзнэ. Галав тогтох, орших, завсрын галав ба их
галав, эвдрэх, хоосрох галав эдгээр болно. Анхдугаар галавт сав шимийн ертөнц
үүсэж тогтсон гэж үзнэ.
[9]Бодьсадва-(Са: Бодхисатва. Мо: Бодь
сэтгэлт баатар) Их хөлгөний мөрт суралцах бодьгалийг хэлнэ. Их бодийг олохын
тулд галавын өнө хугацааг үл ажран хамаг амьтны тул тэргүүн хийгээд үе гишүүнээ
өглөгт өгөхөд сэтгэл үл мятрах учир тийнхүү нэрийджээ.
[11]Сүмбэр уул-(Са: Сүмерү, Мо: Их уул) Зүүн
талдаа мөнгө, өмнөдөө биндэрьяа, баруундаа улаан болор, хойт талдаа алт зэрэг
эрднэсийн дөрвөн өнгөөр гийгүүлдэг. Далайн усанд найман түмэн бээр гүн оршиж,
усны төвшнөөс дээш найман түмэн бээр илүү гарсан хэмжээтэй их уул.
[13]Амармаг-(Мо: Хүсэлт орон) Буддагын номд гарах гурван зүйл
тэнгэрийн орны нэг. Хүсэлт орны идэх ба хурьцахад тачааж таван хүслийн эрдмийг
эдлэдэг. Хүсэл төгөлдөр амьтан орших тул тийнхүү нэрийджээ.
[14]Чакравард-(Са:Чакравартинража, Мо:Хүрдэн
орчуулагч буюу эргүүлэгч хаан) Хүн төрөлхтөн найман түм наслах үед оршиж байсан
хийгээд алт мөнгө зэс төмөр зэрэг хүрдийг эргүүлэн дөрвөн тивийн амьтныг
эрхшээсэн домогтой.
[15]Шулам-(Са: Мара) Амьтанд хор хөнөөл учруулан буян заяанд саад
тотгор хийгч хүсэлт тэнгэрийн орны нэг зүйл амьтан.
[16]Махешвара-(Мо:Их эрх баялаг) Буддагын
домогт өгүүлсэнээр Махешвара төвдийн Кайлас оронд орших ажээ.
[18]Илдсийн уул- Ойр орчимын Тамд байх ба
бүхий л газар, мод өвс нь илд байх тул нүгэл хийсэн хүмүүс нь тэр илдэнд
цавчигдаж зүсэгдэж үхээд дахин амилж нүгэлээ бартал зовдог байна. Бич
Бурхан, Ном буюу Бурханы сургааль, Хувраг.
[27] Лус-(Са: Нага) Гол горхи, цөөрөм, нуур усанд оршигч хүн
толгойтой могой биетэй нэгэн зүйл амьтан.
[30]Найман аймаг-Тэнгэр, лус, ягшас, үнэр
идэштэн, асури, огторгуйгаар халигч гарьд, хүмүүн буюу юун, хэвлээр мөлгөгч
эдгээр болно.
No comments:
Post a Comment